Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын гайхаш төрүүлсэн томилгоонууд

Хар тамхи тээвэрлэж яваад Германд саатуулагдаад байгаа дипломатчдын гэмт хэрэгт Гадаад харилцааны яам, тэр дундаа сайд Д.Цогбаатарыг буруутгаж байгаа нь зүй ёсных юм. Учир нь айл гэрт болж буй аливаа асуудалд эцэг хүн хариуцлага хүлээх учиртай. Өөрөөр хэлбэл, Гадаад харилцааны салбарын сэвтсэн нэр хүндийг салбарын сайд Д.Цогтбаатар хариуцан гарах учиртай. Салбарын боловсон хүчний бодлого алдагдсан бурууг сайд нь үүрдэг жамтай.

Д.Цогтбаатар энэ салбарт хуучин хүн. Яаманд жирийн мэргэжилтнээс Төрийн нарийн бичгийн дарга, сайд хүртэл алба хашиж байна. Гэвч тэрээр Элчин сайд нараасаа жийрхдэг, эмээдэг нэгэн бололтой, тэднийгээ нэг дор цуглуулах тун дургүй байгаа аж.

Хоёр жил тутамд зохион байгуулах ёстой Монгол Улсаас гадаад оронд суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарын зөвлөгөөн 2015 оноос хойш тасарчээ. Гадаад дахь Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнүүд хоёр жилд нэг удаа Улаанбаатар хотноо чуулж, гадаад харилцааны салбарт тулгамдаж буй асуудал, шинэ бодлого, шийдвэртэй танилцаж зөвлөлддөг юм. Д.Цогтбаатар энэ салбарт томилогдон ирсэн биш сахил хүртээд шал дордов гэгч болж, энэ зөвлөгөөн дөрөв дэх жилдээ тасарч, ойрын үед ч хийх төлөвгүй байгаа гэнэ. Учрыг ухваас Д.Цогтбаатар олон хүнд Элчин сайдын албанд дэмжинэ гэж амласан ба эргээд одоо тэдэнтэйгээ дайсан болоод байгаа гэнэ.

Хар тамхины гэмт хэрэгт холбогдсон дипломатуудын дуулианы хажуугаар салбар дотор хэл ам татлаад байгаа нэг дуулиан нь 2019 оны тавдугаар сарын 31-ний Төрийн албаны зөвлөлийн ГХЯ дахь салбар зөвлөлийн шийдвэр юм. Салбар зөвлөлийн хурлыг дипломатчид тэсэн ядан хүлээдэг. Салбар зөвлөлийн шийдвэрээр хэн, хэн аль улсын ЭСЯ, ЕКГ-аас эгүүлэн дуудагдсан, хэн, хэн шинээр томилогдох нь шийдэгддэг учир тэсэн ядан хүлээдэг байна.

Уг нь энэ хурал жил бүрийн гуравдугаар сарын эхээр болох учиртай байсан ч салбарын сайд Д.Цогтбаатар сүүлийн хоёр жил бараг гурван сараар ухрааж хуралдуулж байна. Үүний улмаас эгүүлэн татагдсан болон шинээр томилогдсон 160 гаруй албан тушаалтан, тэдний гэр бүл болох нийтдээ 600 орчим хүн цаг нь тулсан гэсэн нэрийдлээр жуулчдын сезонтой өрсөлдөн, өндөр үнэтэй онгоцны тасалбар авч байгаа аж. Хэрэв эрт захиалсан бол дунджаар 500 ам.доллар хүн бүр хэмнэх байсан ба Гадаад харилцааны салбарт 200-300 мянган ам.долларын дарамт учруулж байгаагаа сайд Д.Цогтбаатар юман чинээ тоохгүй байгаа нь харамсалтай.

Энэ жилийн томилгоо урьд өмнө нь байгаагүйгээр хэл ам таталжээ. Татлахаас ч арга алга. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар туслахаараа ажиллаж байсан Б.Мөнхтүшигийг Лондон дахь (Англи) ЭСЯ-нд атташегаар, дэд сайд Б.Батцэцэг туслахаараа ажиллаж байсан Ц.Даваасүрэнг Ром дахь (Итали) ЭСЯ-нд атташегаар, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн туслахаараа ажиллаж байсан Н.Жавхланг Оттава дахь (Канад) ЭСЯ-нд атташегаар тус тус томилжээ.

Гадаад харилцааны салбарт ажиллаж байгаа залуусын мөрөөдөл болсон газруудад томилогдсон эдгээр залуус мэргэжлийн дипломатчид биш, ТЗУГ-ын мэргэжилтнээс дипломат албаны атташе болж суга дэвшиж байгаа, дипломат албаны шалгалт өгөөгүй, өгсөн ч тэнцээгүй хүмүүс байх юм. Дарга нарын үүдэнд сууж, цүнхийг нь барьсныхаа төлөө хэн хүний атаархал татсан орнуудад ийнхүү томилогдсон нь ариун явдал уу?

Гадаад яаманд ажилладаггүй ч амттай томилгоонд өртсөн азтай хүмүүс байх юм. Наад захын жишээ гэхэд, УИХ-ын гишүүн, Монгол улсын Ерөнхий сайд асан Сү.Батболд өөрийн хувийн жолооч Ц.Сумъяадоржийгоо Шанхай дахь ЭКГ-т аж ахуйн эрхлэгч-жолоочоор томилуулжээ. Ц.Сумъяадорж өмнө нь Вашингтон дахь ЭСЯ-нд мөн жолоочоор томилогдон ажиллаж байж. ГХЯ-нд нэг ч өдөр ажиллаж үзээгүй энэ хүн Сү.Батболдын хувийн жолооч, Д.Цогтбаатартай зузаандаа ийнхүү гадаад улсад томилогдон, дарга нарын буян хишгийг хүртэж явна. Сү.Батболд, Д.Цогтбаатар хоёрыг нэг хүн гэж ярьдаг нь оргүй биш бололтой. Сү.Батболд одоо ч Гадаад яаманд нөлөөтэй байгаа нь энэхүү томилгоогоор харагдаж байна.

Гадаад харилцааны яаманд ажилладаггүй, гадаадад томилогдсон хүмүүсийн цуваа  Ц.Сумъяадоржоор дуусахгүй.

Берлин дэх ЭСЯ-нд Д.Мөнхтөр II нарийн бичгийн даргаар, Берлин дэх ЭСЯ-нд Г.Арслан техник ажилтнаар, Будапешт дэх ЭСЯ-нд З.Мөнгөнтуул техник ажилтнаар, Бээжин дэх ЭСЯ-нд Ж.Баярмаа I нарийн бичгийн даргаар, Бээжин дэхь ЭСЯ-нд Б.Энх-Үр атташегаар, Бээжин дэх ЭСЯ-нд А.Эрдэнэчимэг I нарийн бичгийн даргаар, Женев дэх БТГ-т М.Мандухай III нарийн бичгийн даргаар, Кызыль дэх ЕКГ-т М.Ганбат консулаар, Улаан-Үд дэх ЕКГ-т Х.Болор консулын техник ажилтнаар, Шанхай дахь ЕКГ-т Ч.Батцэцэг дэд консулаар, Тайпей дэх Худалдааны төлөөлөгчийн газарт Ж.Баярбаатар мэргэжилтнээр тус тус томилогджээ. Энэ хүмүүс хэн гэдэг хүний хүүхэд, хэний цүнх баригч гэдгийг тодруулбал нэн сонин байх санж.

Гадаад харилцааны салбарт ажиллаж байсан хэнбугай ч 3-4 жил ажиллаад, аль нэг орон руу томилогдох нь эрх нь нээгддэг. Томилогдон очсон Дипломат төлөөлөгчийн газартаа дипломат ажилтан дөрвөн жил (хуучин гурван жил байсан.Сур) ажиллаад, эгэн ирдэг. Гэтэл ДТГ-т ажиллаж байхдаа өөр орон руу шууд томилогддог тэнгэрийн умдаг атгасан хүмүүс байх юм. Энэ жилийн хувьд Оттава дахь ЭСЯ-ны III нарийн бичгийн дарга Б.Тэлмүүнийг Д.Цогтбаатарын ивээлээр Вашингтон дахь ЭСЯ-нд шууд шилжүүлжээ.

Мөн Бишкек дэх ЕКГ-ын консул С.Энхбатыг Астана дахь дахь ЭСЯ-нд I нарийн бичгийн даргаар шууд шилжүүлсэн байх юм. Б.Тэлмүүн, С.Энхбат нар хэн гэж даргын хүн болоод ийнхүү Канадаас Америк руу, Киргизистанаас Казакстан руу шилжсэн бэ гэдгийг тодруулах шаардлагатай.

Иймд эдгээр томилгоонуудыг хийсэн Д.Цогтбаатар сайд, Төрийн албаны зөвлөлийн ГХЯ дахь салбар зөвлөлийн дарга Д.Даваасүрэн (ГХЯ-ны тбнд нь ГХ-ны сайдын саналыг заавал авна.Сур) болон гишүүдийг холбогдох хууль, хүчнийхэн шалгаж, энэхүү томилгоог цуцалж, гадаад харилцааны салбарын сэвтсэн нэр хүндийг сэргээх шаардлагатай юм.

БНХАУ-ын Шанхай хотод Ерөнхий консулын газар нээн ажиллуулах УИХ-ын шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулж, Засгийн газрын хуралдаанаар МАН-ын Гадаад харилцааны дарга асан, ГХЯ-ны харьяа ДБҮЭГ-ын дарга Ё.Нямжав (мисс Нямжав.Сур) Шанхай дахь ЕКГ-ын тэргүүнээр томилогджээ. Тэрээр явахдаа ДБҮЭГ-ын Захиргааны хэлтсийн дарга Л.Эрдэнэбаатар (Дэд консулаар томилогдсон.Сур)-тай цуг явна гэж шийдсэн бололтой. Энэ тухай Гадаад яамныхан “ДБҮЭГ-ынхан оптоороо Шанхай явж байгаа” хэмээн өөр зуураа ярьж байгаа аж.

Яамнаас хөөгдсөн, дипломат албаны шалгалт өгөөд тэнцээгүй хүмүүс энэ жил гадаад томилолтын “умдаг” атгажээ.  

Бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Г.Хулан Сингапур дахь ЭСЯ-нд III нарийн бичгийн даргаар томилогджээ. Тэрээр, Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга асан Ганзоригийн охин бөгөөд дипломат албаны шалгалт өгөөд унаж байсан ч ийнхүү Сингапурт томилогдож чадсан нь гайхалтай. Мөн консулын газрын мэргэжилтэн Б.Жавхлан Будапешт дэх ЭСЯ-нд III нарийн бичгийн даргаар томилогджээ. Б.Жавхлан өмнө нь ГХЯ-наас халагдаж байсан аж. Ямар “тооно”-оор дахин орж ирээд, Будапешт руу томилогдсонд сайд Д.Цогтбаатар тайлбар өгөх нь гарцаагүй юм.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын мэргэжлийн бус ур чадвар, гадаад харилцааны боловсон хүчний бодлогыг бусниулж байгаад мэргэжлийн дипломатчид туйлын харамсаж, сэтгэл дундуур байна. Түүнийг сайд хийх ёс зүйгүй гэж үзэж байна.  

БНТУ-ын Истанбул дахь Ерөнхий консул Э.Мөнх-Очирыг дөрөвдүгээр сарын эхээр дуудсан ба одоогоор орлон гүйцэтгэгчийг нь томилоогүй байгаа. Ерөнхий консул байхгүйг далимдуулж, тус газрынхан дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэн,  хоёр дипломатч нь 70 кг геройн тээвэрлэж яваад баригдаж дуулиан дэгдээгээд байгаа. Хэрэв Э.Мөнх-Очир хэвээр байсан бол, үгүйдээ л орны хүн нь томилогдон очсон бол ийм хэрэг гарахгүй л байсан байх.

Яг одоо ийм хувь тавилан БНСУ болон Шведийн вант улсад тохиогоод байна. Тус хоёр улсад сууж байсан Элчин сайдуудыг эгүүлэн дуудсан ба орны хүнийг нь томилохдоо Д.Цогтбаатар хэт хойрго хандаж ирсэн. Өмнөд Солонгост суугаа ЭСЯ тэргүүнгүйгээр бараг 2 жил болох гэж байна. Удахгүй Өмнөд Солонгос болон Шведээс хар тамхитай холбоотой гэх мэт муу мэдээ дуулдвал гайхах юм алга. Уг нь, орны хүнийг нь томилсны дараа Элчин сайд, Ерөнхий консулуудыг дууддаг дипломат албаны хуулийг сайд Д.Цогтбаатар мэддэг ч, юман чинээ тоохгүй байна.

Гадаад харилцааны салбарын боловсон хүчний бодлогыг Д.Цогтбаатар сайд улаан гараараа самарч байна. Энэ хүн хэдий болтол самрах бол?

livetv.mn

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна