Д.Цогтбаатар сайдын хариуцлагагүй томилгоо Монголын нэрийг дэлхийд гутааж эхэллээ

БНТУ-ын Истанбул хот дахь Консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбилэгийн хамт 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Чех улсаас ХБНГУ-ын хилээр нэвтэрч байх үедээ дипломат дугаартай автомашинтай саатуулагдсан. Энэ үедээ 70 кг геройн буюу хар тамхи тээвэрлэж яваад баригдсан бөгөөд тус улсад хоригдон шалгагдаж байгаа билээ. Нэг сарын өмнө үйлдэгдсэн энэхүү хэргийн талаар ХБНГУ-ын Bild.de, RadioDresden.de хэмээх Германы хэвлэлээр мэдээлж эхэлсэн.

Хар тамхины хэргээр Германы шоронд хоригдож буй Б.Баттүшиг нь өмнө нь Бангкок дахь элчин сайдын яаманд ажиллаж байгаад, Истанбул хот дахь Консулын газрын дэд консулаар томилогджээ. Тэрээр өмнө нь Тайваньд элчин сайдын яаманд ажиллаж байхдаа сахилгын шийтгэлээр  хөөгдөж байсан тухай мэдээлэл бий.

Б.Баттүшиг Улсын дээд шүүхийн шүүгчийн хүүхэд бөгөөд мэргэжлийн дипломатч биш. Тагнуулын Ерөнхий газарт ажиллаж байсан.

Харин хар тамхи зөөвөрлөж явсан машины эзэн, жолооч С.Эрдэнэбилэг өмнө нь одоогийн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын жолоочоор ажиллаж байжээ. Түүнийг Д.Цогтбаатар сайд Виржиниа дахь консулын газраас эгэн ирээд жил болсоны дараа Истанбулын консулын газар аж ахуйн эрхлэгч-жолоочоор томилон явуулжээ.

Гадаад харилцааны салбарт ажиллаж байсан хэнбугай ч 3-4 жил ажиллаад, аль нэг орон руу томилогдох нь эрх нь нээгддэг. Томилогдон очсон Дипломат төлөөлөгчийн газартаа дипломат ажилтан дөрвөн жил ажиллаад, эгэн ирдэг. Гэтэл ДТГ-т ажиллаж байхдаа өөр орон руу шууд томилогддог тэнгэрийн умдаг атгасан эдгээр хүмүүс Д.Цогтбаатар сайдын ойрын хүмүүс байгаа нь сайд энэ хэрэгт хариуцлага хүлээх ёстой гэдгийг харуулж байна.

Монголын дипломатчид, дипломат дугаартай автомашинаараа хууль бусаар гадаад орны хил дамнуулан хар тамхи зөөвөрлөж байсан нь Истанбул хотод Ерөнхий консулаар ажиллаж байгаад хэрэг гарахаас яг 1 сарын өмнө Засгийн газрын шийдвэрээр чөлөөлөгдөн эх орондоо ирээд байсан Э.Мөнх-Очиртой ч холбоотой байх магадлалтай юм. Б.Баттүшиг, С.Эрдэнэбилэг нар энэ хэргийг нэг бус удаагийн давтамжтайгаар үйлдсэн гэж ХБНГУ-ын тагнуулын байгууллага мэдээлэлтэй байсан гэх. Хэргийг үйлдсэн 2 дипломат ажилтан баригдсан даруйдаа хамгийн түрүүнд холбоо барьсан хүн нь Ерөнхий консулаар ажиллаж байсан Э.Мөнх-Очир юм. Тэрээр өчигдөрхөн хэвлэл мэдээлэлд тайлбар өгч, "Уучлалт гуймаар байна. Миний тэргүүлж байсан дипломат төлөөлөгчийн газарт ийм үйл явдал болсонд харамсаж байна. Б.Баттүшиг наймдугаар сарын 1-нээр томилогдоод есдүгээр сараас Истанбул дахь Консулын газар ажиллаж эхэлсэн. гэлээ.

Ийм хариуцлагагүйгээр дипломат байгууллага удирдаж байсан хүнийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Турк улсад суух элчин сайдаар томилуулахаар Засгийн газарт санал хүргүүлээд байгаа нь 2 дипломатч хар тамхи зөөвөрлөж явсан хэрэг биш төрийн сайдаа хүртэл тэлсэн том хүрээний гэмт хэргийг бүлэглэл Гадаад харилцааны салбарт бий болсон уу гэх эргэлзээг төрүүлж эхэллээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна