Харилцаа холбооны салбарын СУУРЬ хууль батлагдлаа

Харилцаа холбооны салбарын суурь хууль батлагдлаа

Монгол Улсын Засгийн газраас Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайхуулийн төслийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр УИХ-д өргөн барьсан.

Монгол Улсын Их Хурал 1995 онд Харилцаа холбооны тухай хуулийг баталжээ. Түүнээс хойш 2001 онд шинэчлэн найруулж, түүнээс хойш 8 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. 

Хуулийг дагаж мөрдсөнөөс хойших 18 жилийн хугацаанд техник, технологид зарчмын шинжтэй томоохон өөрчлөлтүүд гарч, Монгол Улсын нутаг дэвсгэрийг хамарсан тоон дамжуулах сүлжээ, суурин болон үүрэн холбооны сүлжээ, олон сувгийг дамжуулах сансрын хиймэл дагуулын сүлжээг байгуулжээ. Энэ мэтээр манай эдийн засаг, нийгмийн бүх салбар, иргэдийн амьдралд мэдээлэл, харилцаа холбооны дэвшилт технологи, үйлчилгээ, хэрэглээ нэвтэрсээр байгаа билээ.

Гэвч эдгээр харилцааг эрх зүйн хувьд зохицуулах Харилцаа холбооны тухай хуулийн хүрээнд өнөөгийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын харилцааг зохицуулахад тодорхой хэмжээний бэрхшээл үүсгэж байна гэж мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүд үзсэн. Тиймээс дээрх бэрхшээлийг арилгахын тулд Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барив.

Тус хуулийн төсөлд нийгмийн сүлжээнд нэрээ нуусан хаягнаас бусдын нэрээр орохыг болиулах, хориглох арга хэмжээ авах зорилгоор харилцаа холбооны үйлчлэгч нь хэрэглэгчийг регистрийн дугаараар нь бүртгэх, зах зээлд давамгай хуулийн этгээд хамаарал бүхий этгээдэд хөнгөлөлттэй нөхцөлийг олгож, өрсөлдөөний тэгш бус байдал үүсгэж байгааг хязгаарлах зохицуулалтыг нэмж тусгажээ. 

2016 онд бүртгэлгүй 650 мянган дугаар иргэдийн гар дээр байсан бол өнөөдрийн байдлаар 42 мянга болж буурчээ.

Хууль батлагдсанаар:

Харилцаа, холбооны салбарын төрийн бодлого, зохицуулалтын чиг үүргийн ялгаа, заагийг илүү тодорхой болгож, зохицуулалтыг хөгжлийн шинэ шатны зорилго, зорилтуудад нийцүүлэн сайжруулах, төрийн нэгдсэн бодлого, төлөвлөлт, зохицуулалт, уялдааг хангах, цахим засаг ба үйлчилгээний удирдлага, тогтолцооны хуулийн зохицуулалт, тоон эдийн засгийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх боломжтой боллоо. 

Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын шинэ дэвшилтэт технологийн хөгжил, тэдгээрийг зохицуулах суурь хууль нь энэхүү Харилцаа холбооны тухай болж байгаа бөгөөд үүнийг дагаад Мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль, Өгөгдөл хамгааллын тухай хууль, Цахим засгийн тухай хууль зэрэг хуулийн төслүүд боловсруулагдаад, Засгийн газрын хэлэлцүүлгийн түвшинд явж байна. Ингэснээр мэдээлэл, харилцаа холбооны салбарын цогц эрх зүйн орчин бүрдэх юм.

Уг хуулийн 45% нь өнөөгийн харилцаа холбооны салбарын хөгжилтэй уялдуулан шинэчилсэн байна.

Цахим орчин, нийгмийн сүлжээнд гарч байгаа гэмт хэргийн шинжтэй үйлдэл, хүний эрх зөрчигдөж байгаа асуудлыг энэ хуулиар зохицуулах боломжгүй ч энэ асуудлыг хариуцан ажиллах төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг зохицуулах боломжтой болсон.

Мөн хуулийн 1 дүгээр зүйлийн 9 дэх заалт буюу 30.3, 30.4 дэх хэсгийг өөрчлөн найруулсан бөгөөд Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад харилцаа холбооны улсын байцаагч ажиллаж болно. Зохицуулах хороо болон харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ажиллах улсын байцаагчийн эрхийг Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд заасны дагуу олгоно хэмээн өөрчилжээ.

Монгол Улс өндөр суурин соёл иргэншилтэй улс орнуудын дунд амьдарч байна. Хүний хэрэглээ дундаас хязгааргүй нь харилцаа холбоо юм. Тиймээс харилцаа холбооныхоо хөгжлийг сайжруулах зайлшгүй шаардлага өнөө зуунд бий болсон. Хуучин холбоо харилцааг 2 хүний дунд 3 дагч этгээд холбох үүрэгтэйгээр ажилладаг байсан. Энэ үүргийг өнөөдөр үүрэн холбооны операторууд гүйцэтгэж байна. Харилцаа холбооны тухай хууль нь дараагийн 10, 20, 30 жилдээ Монголын хөгжлийг тодорхойлох хууль болж байгаа юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна