Ерөнхий сайд танхимын гишүүдийн хамт бизнесийнхэнтэй уулзлаа

Ерөнхий сайдаас бизнесийнхэнд өгсөн зөвлөгөө

Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд нарынхаа хамтаар өнөөдөр /2019.08.27/ бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. Энэ үеэр гүйцэтгэх засаглалын тэргүүн бизнес эрхлэгчдэд хандан “Ажлаа бүтээхийн төлөө төрийн албаныханд авлига битгий өг. Авлига нэхвэл шууд хэвлэл мэдээлэл, цахим сүлжээнд зарла. Авлигатай зөвхөн хууль, шүүх тэмцэхгүй ард түмэнтэйгээ хамтарч тэмцэж байж үр дүнд хүрнэ” гэж зөвлөлөө.

Төрийн албанд авлига хээл хахууль газар авсан нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хил, хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга асан Н.Баярсайханы оймсондоо 10 мянган ам.доллар нуусан бичлэг олон нийтэд цацагдсанаар илүү тодорхой болсон. Тиймээс ч Ерөнхий сайд төрийн албанд бугшсан авлигачдыг ил болгоход бизнес эрхлэгчдийн оролцоо чухал гэж үзэв бололтой, шууд нийгмийн сүлжээ ашиглан нэртэй устай зарлахыг нь зөвлөлөө.

"Матаад" байж дээ, бизнесийнхэн. Гол нь мэдээлэл үнэн зөв байх ёстой. Хууль хяналтынхан бас мэдээллийн мөрөөр ажиллаж, үнэн зөвийг нь тогтоож гэмээнэ авлигад зарцуулагддаг хэдэн тэрбум, хэдэн их наядаар хэмжигдэх мөнгө нийтийн эрх ашгийн төлөө зарцуулагддаг болох бодит боломж бүрдэх юм.

Засгийн газрын тэргүүний бизнес эрхлэгчидтэй хийсэн уулзалтыг Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулав.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна