Улсын тэмдэгтийн хураамжийг Киоск машинаар төлдөг болно

Шүүхийн ерөнхий зөвлөл “Гэрэгэ системс” ХХК-тай хамтран улсын тэмдэгтийн хураамжийг Киоск машинаар төлөх үйлчилгээг 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн шинээр нэвтрүүлэхээр болжээ. Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлын үеэр танилцууллаа.  

Улсын тэмдэгтийн хураамж төлөх Киоск машиныг хамгийн их ачаалалтай буюу Нийслэлийн төвийн зургаан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Шүүхийн төрөлжсөн архивт нэвтрүүлсэн байна.  

Иргэн, хуулийн этгээд Иргэний болон Захиргааны хэргийн шүүхээр эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр улсын тэмдэгтийн хураамж төлөхийн тулд харьяа дүүргийн татварын байгууллага руу очиж “Татварын нэхэмжлэх” гаргуулан авч, банкинд дугаарлан гүйлгээ хийн, баримтаа шүүхэд өгдөг байсан. Энэ нь цаг алдах, хүнд суртал үүсгэх зэрэг шүүмжлэл дагуулдаг байсан юм. 

Харин энэхүү систем нэвтэрснээр шүүхийн байран дахь болон бусад цэгт байрлуулсан Киоск машинаар улсын тэмдэгтийн хураамжийг хэдхэн секундийн хугацаанд төлж шууд шүүхэд хандах боломжтой болох юм байна. Шүүх болон төрийн бусад үйлчилгээний төлбөр төлөх үйлчилгээ үзүүлэх боломжтой “Гэрэгэ” Киоск нь Улаанбаатар хотын 50 цэгт байрлаж байгаа ажээ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)