Д.Урантогос: Хандлагаа өөрчилж, Чадвараа ахиулж, мэдлэгээ нэмэгдүүлье

Багш солилцооны хөтөлбөрт хамрагдсан Дорнод аймгийн Шинэ хөгжил цогцолбор сургуулийн физикийн багш Д.Урантогостой ярилцлаа.

- Багш солилцооны хөтөлбөрийн зорилго болон чиглэлийг хэрхэн тодорхойлж харж байна вэ? Багш солилцооны хөтөлбөрийн үр дүнг хэрхэн илэрхийлэх вэ?
- Багш солилцооны хөтөлбөр нь БНСУ-д амьдарч буй олон соёлт гэр бүлийн хүүхдүүд болон Солонгос улсын хүүхдүүдэд бусад Монгол улсын түүх соёлыг таниулах зорилготой байсан. Миний хувьд БМДИ болон Хичээлийн судалгааны нийгэмлэгийн хамтарсан Эрдэм шинжилгээний бага хуралд оролцон, ТЭРГҮҮН байр эзэлж, шагналын журмаар энэ хөтөлбөрт хамрагдсан. Өөрийн арга зүйгээ сайжруулах, тус улсын багш нарын арга зүйд суралцах, Монголын түүх соёлыг таниулах, сурталчлах зорилготой байсан. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар өөрийгөө таньж мэдэхээс гадна хэлний мэдлэг, Солонгос улсын багш нарын заах аргазүй, хүүхдүүдийн сурах арга барилыг тодорхой хэмжээнд судаллаа.

- Багшлахуй, арга зүйгээ сайжруулах арга, гаргалгаа олж харав уу?
- Солонгос улсын хөгжил, орчин нөхцөл нь манайхаас өөр болохоор бидэнд сурах зүйл их байсан.
Багш нар заах хичээлийн төлөвлөлтийг хичээлийн жилийн эхэнд хийхээс гадна шаардлагатай хэрэглэгдэхүүний жагсаалтыг бичиж гаргадаг. Хэрэглэгдэхүүнээ хэдэн сарын өмнө захиалж, түүнийгээ гараар хийж үзэж байгаа нь үнэхээр авууштай санагдсан. Мөн тус улсын хичээлийн агуулга цөөн, анги дүүргэлт бага, нэг ээлжээр хичээллэдэг, сургууль дээрээ нэгдсэн үдийн хоол хөтөлбөртэй учраас хичээлийн хоцрогдол гаргах нь бага санагдсан.

Төрөл бүрийн гарын доорх материал ашиглан сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэж заах арга зүйд суралцсан ба бийрэн бичиг, зургийг өнгө ялган будах арга зүйд суралцсан. Мөн аливаа зүйлийг жижиг гэлтгүй л бодож төлөвлөх хэрэгтэй гэдгийг ч мэдэж авсан.

- Сурсан мэдсэн зүйлээ бусад багш нартаа түгээн дэлгэрүүлэхээр төлөвлөсөн ажил байна уу?
- Солонгос-Монгол хоёр улсыг харьцуулан судалж, иргэний ёс зүй хичээлээр хүүхдүүддээ Монгол хүн болж төрснөөрөө бахархах үзлийг суулгах, монгол улс болон өөрийн төрсөн нутаг орноо илүү сайн судлах боломжийг олгох, мэдлэгээс илүү чадварыг эхэлж суулгахыг зорьж ажиллана гэж бодож байна. Тэнд байхдаа сурагчдын “Анхаарлыг төвлөрүүлэх“ гэсэн сэдвээр төсөл ажил бичсэн түүнийгээ сургуулийнхаа хэмжээнд хэрэгжүүлж туршиж үзнэ гэж төлөвлөж байна.
Мянга мэдлэгтэй байгаад чадваргүй бол цаашаа хол явахгүй гэдгийг хүүхдүүдэд ойлгуулж, хандлага чадвар мэдлэг гэсэн үе шатаар хичээлээ зохион байгуулж явна гэж бодож байгаа.

- Багшийн хөгжил, хандлагын талаар санал бодлоо солилцвол?
- Хүн бүр л ажилдаа хүсэл сонирхолтой байгаад аз жаргалтайгаар ажлаа хийх юм бол улс орон хөгжинө. Багш нар хандлагаа өөрчлөх хэрэгтэй юм байна гэж бодсон. Ингэдэг байсан тэгдэг байсан гэхээсээ илүү ингээд хийчихье тэгээд хийе гэсэн баг хамт олны нэгдсэн нэг санаатай байх нь чухал юм байна гэдгийг олж харсан.

Эхлээд шат шатандаа хандлагаа өөрчилж эерэг хандлагатай болох, дараа нь чадвараа ахиулж, түүн дээрээ тулгуурлан мэдлэгээ нэмэгдүүлэх хэрэгтэй.

- Багш нартаа хандаж уриалж ямар үг хэлэх вэ?
- Багш нартаа хандаж “Хандлагаа өөрчилж, Чадвараа ахиулж, мэдлэгээ нэмэгдүүлж, маргаашийн нар болсон Монголын ирээдүйн хүүхдүүдийнхээ төлөө хамтдаа хөгжиж, хамтдаа түүчээлье” гэж уриалмаар байна. Хүүхэд бүрийг багаас нь эх орноороо бахархах үзэлтэй, бусдыг хүндэлж мэндлэх чадвартай, дараалалд зогсох хүлээцтэй тэвчээртэй, цаг барих чадвар төлөвшүүлэх нь чухал гэж бодож байна. Үүнд зөвхөн багш гэлтгүй иргэн бүр дор бүрнээ анхаарч ажиллаасай гэж хүсэж байна.

- Танд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна