Эгэл миний сэтгэгдэл
2020-05-09 12:10

УИХ-ын гишүүн асан Р.Раш

Саяхан зурагтаар С.Зоригийн аллагын цаана ямар нөхөд нуугдаж байгаа талаар сэтгүүлч Билгээ сүрхий зоригтой  ярина билээ. Сонгуулийн өмнө ч жаал ингэж шуугиж байгаад чимээгүй болдог л доо. Манай ТВ-9 телевиз нийгмийн ээдрээтэй хурц  асуудлуудыг сүрхий хөндөж тавьдаг шүү дээ. Харамсалтай нь нөгөө  илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ,  алт хийсэн ч сэгсэрнэ гэдэг л болчих гээд байх юм.

Миний бие аливаа юмс үзэгдэлд сүрхий үнэлгээ дүгнэлт өгөх хэмжээний амьтан биш л дээ. Зүгээр ердийн ухамсрын түвшинд бодоход нийгэм нэг шилгээж тоос товироо  дөмөгхөн гүвэх цаг болсон байхаа. Энэ нь том утгаар харвал, ирэх улс төрийн сонгууль биз.

Би сургууль төгсөөд  ирсэний дараа Толгойт өртөөнд ажиллаж байхад манай өртөөний дарга “уруул” хэмээх Ганбаатар гэж ёстой тохитой түшигтэй сайхан хүн байсан юм. Тэрээр надад хэлэхдээ, нийгэм сайн сайхан байна гэдэг бол энэ хууль шүүх, эрүүл мэндийн байгууллага хоёроос их хамаарна гэж билээ.

Одоо мунхаглахад яг л тийм юм даа. Эрүүл мэндийн байгууллага, эмч мэргэжилтэн нь хүний биеийг эмчилнэ, эрүүл байлгана. Хүн өөрөө хичээх нь ойлгомжтой. Хууль шүүхийн байгууллагын шударга үйл ажиллагаа нь улс, нийгмийг бүхэлд нь эрүүл байлгана. Коронавирус гэх аюулт өвчнөөс ард түмнээ аврахын тулд Эрүүл мэндийн салбарынхан,  тэдгээрийн дотор Нямхүү доктор тэргүүтэй цагаан халадтай хэд маань мөрөө сэтэртэл зүтгэж байгааг үнэхээр үгээр хэлж, үсгээр дүрслэшгүй юм.

Харин хууль шүүхийхэн гэвэл арай өөр юмаа янз нь. Тэгэхдээ тэдний дотор шударга үнэний төлөө гэсэн сэтгэл зүтгэлтэй хүмүүс олон бий нь гарцаагүй. Тэд магадгүй ихэнх нь байх. Энэ бол том хүч юм. Гагцхүү дотоод шаталтын эл хөдөлгүүрийг зөв манивилдах  л  хэрэгтэй биз.

Бохир улс төр, янз бүрийн эх үүсвэртэй том мөнгө хоёр нийлснийг улс төр санхүүгийн олигархи гэдэг. Сүүдрийн эдийн засгийг өршөөж, уучилж байсан тохиолдлуудыг  би хувьдаа буруушаадаг. Үүн дээр нэмээд шүүх хуулийнхний  хуудуутай  ажил онгорхой цоорхой болгоноор нэвт шувт шингэснийг бүхэлд нь мафи гэнэ. Иймэрхүү маягийн “хар үүл” монголын хөх тэнгэрт тунаж тогтоод тэр нь нар хаагаад удаж байнаа. Манай нэрт эрдэмтэн талийгаач Л. Түдэв гуайн хэлсэн “Нам нууж, сэм хуйвалдана” гэсэн үг бий. Бид мэргэдийнхээ энэ мэтчилэн  хэлсэн үг,  сэрэмжлүүлгийг  бөндгөр дотроо тунгааж эргэцүүлэх учиртай.

Хууль, шүүхийн байгууллагынхны бэлэг тэмдэг “Дэнс” байдаг шүү дээ. Хаалганы нь хажууд хадаастай  байдаг. Энэ бэлэгдлийг эртний Грекийн гүн ухаантан Аристотель зохиосон хэмээдэг. Үнэний шалгуур гэсэн ойлголт юм. Хууль шүүхийнхэн хараат бус байх ёстой гэж бид ярьдаг, үздэг. Энэ зөв. Гэхдээ ганцхан материаллаг тал биш. Үүнийг өнгөрсөн ойрхны түүх гэрчилнэ. Хараат бус байдал дотор цалин болоод бусад хангамжаас гадна,  тухайн хүний итгэл үнэмшил,  сэтгэл,  ухамсар, мэдлэг,  чөлөөтэй  шийдвэр гаргах чадвар,  хариуцлага гэх мэт цөм орно.

Гүжирдэлд өртсөн  жирийн хүнд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу, хаашаа л явна хаалга мөргөсөн юм байнаа янз нь. Үүнийг би хэлэхдээ хэрэг төвөг гаргагсдыг өмгөөлж буй хэрэг огт биш.  Харин үүн дээр ардын өмгөөлөгч гэдэг ухагдахуун хуулиар баймаар санагддагаа эцэст нь хэлмээр байнаа. Хөгжингүй орнуудын хууль зүйн практикт ийм зүйл байдаг бололтой юм билээ.