1.7 сая иргэн хувьцааны дансаа нээлгэж, 425 мянган иргэн арилжааны банкны дансаа холбожээ
2020-05-11 15:53

“Эрдэнэс Тавантолгой” ХК 1072 хувьцааны ногдол ашигтай холбоотой мэдээлэл өнөөдөр /2020.05.11/хийлээ. Тус компанийн Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаярын мэдээлж буйгаар, ногдол ашиг тавдугаар сарын 1-ээс хойш олгох ажлыг зохион байгуулах ТУЗ-ийн шийдвэр гарсан аж. Гэхдээ тавдугаар сарын 1-нд ногдол ашиг яг өгнө гэж хэлээгүй. Энэ ажил бүтэн нэг жил ч үргэлжлэх боломжтой гэв. 

1072 ширхэг хувьцааг өнөөдрөөс эхлэн худалдаж авна

Хэдий ийм боловч  аль болох ногдол ашгийг хурдан олгохоор ажиллаж байна гэсэн юм. Өнөөдрийн байдлаар 1.7 сая иргэн хувьцааны дансаа нээлгэсэн ч 425 мянган иргэн л арилжааны банкны дансаа холбожээ. Зарим нэг мэдээллийг нягталж үзээд ойролцоогоор 1 сая орчим иргэний ногдол ашгийг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү шилжүүлсэн гэнэ. 

Яагаад ногдол ашиг дансанд орохгүй байна гэдэг асуудал гарч байна. Эрдэнэс Тавантолгой ХК 2.5 сая иргэний бүртгэлийг хянаж цэгцлэх ажил ид үргэлжилж байна. Энэ ажилд Эрдэнэс Тавантолгой ХК-аас гадна Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, арилжааны банк, НӨАТ систем, Улсын бүртгэл гэх мэт байгууллагуудтай хамтран иргэн бүрийн мэдээллийг нягталж хянаж байна  хэмээн ярив. Учир нь, Улсын бүртгэл дээр овог нэр нь адилхан эсвэл регистрийн дугаар нь адилхан байх зэрэг зөрчил илэрч байгаа аж. Бүртгэлийн асуудалгүй иргэдэд шууд ногдол ашиг шилжүүлэх боломжгүй учраас иргэн бүрийн мэдээллийг нягталж, шалгаж, тулгаж байж шилжүүлэх юм байна.