“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ГАНХУЯГИЙН ТАЛААР ТАШАА МЭДЭЭЛЭЛ ЦАЦЖЭЭ
2020-09-14 12:53

“Эрдэнэс-тавантолгой” ХК-ийн хэвлэл мэдээллийн албаны дарга М.Амарбаяр өөрийн фэйсбүүк хуудаснаа няцаалт оруулжээ. Түүний бичсэн няцаалтыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Б.Ганхуяг: “Эрдэнэс-Тавантолгой” компани 2019 онд иргэн бүртээ ногдол ашиг  өгнө – updown.mn

“Эрдэнэс-тавантолгой” ХК-ийн өмнөх удирдлагуудтай холбоотой “нүүрсний гэрээнээс зуучлалын хөлс нэрээр ашиг хүртдэг байжээ” гэсэн агуулга бүхий мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдээр сошиалд зохион байгуулалттайгаар цацагдлаа. Энэхүү мэдээлэлд “одоогийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг тухайн үед тэргүүн дэд захирал байсан, нүүрсний гэрээнд гарын үсэг зурдаг байсан” мэтээр ташаа бичсэн байна. Үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирал нүүрс борлуулах гэрээнд оролцох байтугай саналын хуудсанд ч гарын үсэг зурдаггүй, борлуулалтын гэрээний мэдээлэлтэй танилцдаггүй байсан бөгөөд Маркетинг хариуцсан газрын захирал, Геологи уул уурхайн газрын захирал, Ерөнхий нягтлан бодогч, Хууль эрх зүйн газрын захирал, Захиргаа, Удирдлагын газрын захирал гэсэн албан тушаалтнууд санал өгч, Борлуулалт хариуцсан нэгжийн удирдлага болон Гүйцэтгэх захирал гэрээнд гарын үсэг зурдаг байсан байна. Тиймээс “нүүрсний гэрээнээс зуучлалын хөлс авдаг явдал байсан бол" энэ нь тухайн үед тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан Б.Ганхуягтай хамааралгүй зүйл гэдгийг хэлье. Харин ч Б.Ганхуяг Гүйцэтгэх захирал болсныхоо дараагаас олон түмний дунд яригддаг “нүүрсний гэрээний зуучлал” гэгддэг хууль бус үйл ажиллагааг зогсоохын төлөө шат дараатай арга хэмжээ авснаар өнөөдөр ЭТТ ХК-ийн нүүрс борлуулалт ил тод, нээлттэй, “шилэн” болсон гэж хэлж болно. Б.Ганхуягийг гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаанд “Эрдэнэс-таван толгой” ХК 2 жил дараалан өндөр ашигтай ажиллаж, анх удаа иргэдэд ногдол ашиг өгсөн, мөн төмөр зам, дэд бүтцийн томоохон төслүүд, УБ-ын утааг арилгах ажлыг санхүүжүүлэн, татварт багагүй хэмжээний мөнгө төлж, улс орны хөгжилд онцгой хувь нэмэр оруулж байна. Иймд санаатай, санаандгүй худал ташаа мэдээлэл цацаад, группуудруу шэйрлэж түгээгээд байгаа хүмүүс мэдээллээ нягталж, залруулахыг хүсье!!! Нэмээд хэлэхэд "зуучлал" гэх энэ асуудлыг 2017 оноос хойш цагдаа хуулийн бгууллага шалгаад асуудал алга гэсэн юм билээ шүү.