ӨВЛИЙН СПОРТЫН ТАМИРЧДАД ОЛИМПИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОЛОО
2020-09-15 15:50

Олон улсын олимпийн хороо/ОУОХ/ – Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ноос хамтран хэрэгжүүлж буй “Бээжин-2022” олимпийн наадмын эрх авах өндөр магадлалтай тамирчдыг дэмжих хөтөлбөрт албан ёсоор батлагдсан цана, тэшүүрийн тамирчдад МҮОХ-ны Ерөнхийлөгч, “Бээжин-2008” олимпийн аварга Н.Түвшинбаяр тэтгэлэг олгож, спортын өндөр амжилт хүсэв.

Өвлийн спортын тамирчдад олимпийн тэтгэлэг олгов

Энэхүү “Athletes scholarship” хөтөлбөрт гүйлтийн цанын Б.Ачбадрах, Д.Мөнхгэрэл, А.Энхтуул, гүйлтийн тэшүүрийн А.Зул нар хамрагдаж, ОУОХ-МҮОХ-Спорт холбоотой байгуулсан дөрвөн талт хамтарсан гэрээний дагуу “Бээжин-2022” өвлийн ХХII олимпийн наадам хүртэл 4 сар дутамд 3000 ам. долларын мөнгөн тэтгэлэг хүртэх юм. Монголын цана, биатлон, тэшүүр, шорт трекийн тамирчид “Инсбрук-1964” наадмаас эхлэн, нийт 14 удаа цагаан олимпод оролцсон түүхтэй.