ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЗАРЛАГДСАН ЗАРИМ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОВ
2020-10-19 10:50

1. Г.Сүхболд нарын 5 хүнд холбогдох эрүүгийн хэрэг

Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Сүхболд /ШШГБ-ын ажилтнууд/ нарын 5 хүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дах хэсэг /Хууль сахиулагч, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй хайнга хандах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 09:00 цагт,

2. Б.Үнэнбат нарын 30 хүнд холбогдох эрүүгийн хэрэг

Нийслэлийн прокурорын газраас Б.Үнэнбат нарын 30 хүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Хахууль өгөх/, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг /Хахууль авах/, мөн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, /Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох/, 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг /Мөнгө угаах/, 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 09:00 цагт,

Үйлдсэн хэргийг товч дурдвал:

Дээрх шүүгдэгч нар нь Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Цагаан Эрэг” нэртэй Улсын Их Хурлын 2002 оны 39 дүгээр “Улсын тусгай хамгаалалттай газрын байгалийн цогцолборт газрын хамгаалалтад авах тухай” тогтоолоор батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжоор зохицуулагдах Мянган угалзат нурууны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газарт “Өгөөжтэй Өв” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглаж, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр хууль бусаар гянтболд /вольфром/ олборлох, олборлолтын үйл ажиллагааг байнга тогтвортой явуулж, гэмт хэрэг байнга үйлдэж, ашиг олох зорилгоор урьдчилан нэгдэж, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, уурхайн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах, цагдаагийн байгууллага болон бусад хяналтын байгууллагаас хяналт, шалгалт хийлгэхгүй байх, хууль бусаар олборлосон гянтболдыг хяналт, шалгалтгүй тээвэрлэх зорилгоор нэр бүхий шүүгдэгч нарыг зохион байгуулалттай гэмт бүлэгт элсүүлсэн, элссэн, хээл хахууль өгөх, авах гэмт хэрэгт тус тус холбогдсон.

3. БНХАУ-ын иргэн Шу Хуй Хуан /Xu Huihuang/ нарын 6 хүнд холбогдох эрүүгийн хэрэг

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.3 /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/ дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 /Залилах/ дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн БНХАУ-ын иргэн Шу Хуй Хуан /Xu Huihuang/, Хуан Яао Шэнг /Huang Yao Sheng/, Еэ Чин Хуй /Ye Quing Hui/, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.3 /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/ дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 /Залилах/ дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн БНХАУ-ын иргэн Нарсу /Narisu/, Хуан Шин Бин /Huang Shibin/, Лиан Жү Фэн /Liang Ju Feng/ нарын 6 хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 09:00 цагт,

4. Г.Загдаа Г.Амарсайхан нарт холбогдох эрүүгийн хэрэг

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 /хүчиндэх/ дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.6 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.7 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх/ дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 /хууль сахиулагчийг эсэргүүцэх/ дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/ дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 10:00 цагт тус тус товлогдсон байна.

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс