ГУРВАН КОМПАНИЙН БАНК БУС САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ, ГАДААД ВАЛЮТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЖЭЭ
2020-10-22 11:00

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 19 дүгээр хуралдаан боллоо. Хуралдаанаар Үнэт цаас, Үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт эдлэл зэрэг Хорооны зохицуулалтын 3 газраас оруулсан тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэх тухай зэрэг нийт 15 асуудал хэлэлцэв.

Хуралдаанаар үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг дөрвөн компанид, үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг гурван иргэн, нэг аж ахуйн нэгжид олгохоор шийдвэрлэлээ.

Мөн тус бүр нэг компанид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрөл болон олон нийтэд санал болгож буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэхээр шийдвэрлэлээ.

Харин гурван хадгаламж зээлийн хоршооны хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг, мөн гурван компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх болон гадаад валютын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус түдгэлзүүлж, хүчингүй болгож, нэг компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосонтой холбогдуулж харилцагчийг уралдаант шалгаруулалтаар шилжүүлэхээр шийдвэрлэлээ гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлэв.