УЛААНБААТАРТ ГУРАВ, ГОВЬСҮМБЭРТ ХОЁР, СЭЛЭНГЭД 26 ХҮНЭЭС КОРОНАВИРУС ИЛЭРЛЭЭ
2020-11-24 13:09

 

Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

Арваннэгдүгээр сарын 23-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, Дархан, Сэлэнгэ вирус судлалын лабораторид нийтдээ 4335 хүнд шинжилгээ хийснээс 32 хүнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улс дотоодоо алдсан тохиолдол 235 болж, нийт батлагдсан тохиолдол 672 боллоо.

Нэмж илэрсэн тохиолдлууд нь бүртгэгдсэн голомтуудаас илэрсэн байна.

Эерэг гарсан шинэ тохиолдлууд :

Улаанбаатар хотод 3 шинэ тохиолдол илэрлээ

-Сэлэнгэ аймгийн голомтод 26 шинэ тохиолдол илэрлээ

-Говьсүмбэр аймгийн голомтод 2 шинэ тохиолдол илэрлээ

-Алтанбулаг боомтоор ирсэн нэг хүний давтан шинжилгээнд коронавирус илэрсэн

Голомтод гарсан нийт тохиолдлууд:

–Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо 54 байна.

-Сэлэнгэ аймгийн голомтын нийт 124 тохиолдол байна.

-Дархан-Уул аймгийн голомт нийт 20 тохиолдол байна.

-Орхон аймгийн голомт 17 хэвээрээ байна.

-Дорноговь аймгийн 14 тохиолдол байна.

-Говьсүмбэр аймгийн голомт 4 байна.

Шинэ тохиолдлуудыг задалбал:

Улаанбаатар голомтод гурван хүнээс нэмж коронавирус илэрч, энэ голомтын батлагдсан тохиолдол 54 болсон байна.

Улаанбаатар: Шинээр илэрсэн нэг хүн нь Буянт-Ухаа хороололд амьдардаг бөгөөд өмнөх батлагдсан тохиолдолтой харьцаж, хүүхдийн төрсөн өдрийн арга хэмжээнд оролцсон байна.  Хоёр дахь батлагдсан тохиолдол нь төмөр замын өрхийн эрүүл мэндийн сувилагч юм байна. Энэ төмөр замын халдвар авсан хүнд үйлчилсэн хүн байжээ.  Гуравдахь нь өмнөх батлагдсан тохиолдолтой хавьтал болсон Буянт-ухаа хорооллын иргэн юм байна. Тус гурван тохиолдлын ойрын хавьтал 111 хүн, хоёрдогч хавьтал 176,  нийтдээ  278 хүний шуурхай тогтоож, тусгаарласан байна.

Сэлэнгэ: Сэлэнгэ аймагт батлагдсан 26 тохиолдол нь бүгд ойрын хавьтлаар тусгаарлагдсан байсан иргэд бөгөөд давтан шинжилгээгээр халдвар илэрсэн байна.