"УЛААНБААТАРТ 6, ДОРНОГОВЬД 1, СЭЛЭНГЭД 20 ШИНЭ ТОХИОЛДОЛ НЭМЭГДЭЖ, ДОТООДЫН ХАЛДВАР 262 БОЛЛОО"
2020-11-25 11:36

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдрийн 11:00 цагаас хойш хийгдсэн шинжилгээнүүдийн хариуг танилцууллаа.

Тэрбээр "Өчигдрийн 11:00 цагаас хойш улсын хэмжээнд нийт 3,801 хүнд шинжилгээ хийхэд 27 тохиолдолд халдвар илэрлээ. Улаанбаатарт 6, Дорноговь аймгийн Айраг суманд 1, Сэлэнгэ аймагт 20 тохиолдол шинээр нэмэгдсэн.

Улаанбаатарт бүртгэгдсэн 6 тохиолдлын нэг нь ойрын хавьтлын хүн бөгөөд давтан шинжилгээгээр илэрлээ. Харин бусад таван тохиолдол нь гэр бүлийн хавьтал, караокеноос эхтэй батлагдсан тохиолдлын хавьтал болсон хүмүүс юм. Энэ 6 хүн бүгдээрээ ажиглан тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан.

Сүүлийн 24 цагт Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон аймагт халдвар шинээр бүртгэгдээгүй.

Улсын хэмжээнд халдварын тохиолдол 699 болсон. Өнөөдрийн байдлаар 350 хүн эмчлэгдэж байгаа бөгөөд биеийн байдлыг үнэлбэл нэг хүн маш хүнд буюу амьсгалын аппаратанд орсон, 3 хүн хүнд, 56 хүн хүндэвтэр, 291 хүн хөнгөн байна.

ХӨСҮТ-ийн Халдвартын клиникээс гадна Цэргийн төв эмнэлэгт халдвартай өвчтөнүүдийг эмчилж байгаа. Өнөөдрийн байдлаар тус эмнэлэгт 95 хүн эмчилгээ хийлгэж байна" гэв.

Дотоодод бүртгэгдсэн 262 халдвар: /2020.11.25-ны 11:00 цагийн байдлаар/

  • Улаанбаатарт 60
  • Дархан-Уул 20
  • Дорноговь 18
  • Орхон 17
  • Говьсүмбэр 3
  • Сэлэнгэ аймагт 144 байна.