БИЗНЕС ЭРХЛЭГЧИД: ЦАР ТАХЛЫН ҮЕД ЗЭЭЛИЙН АНГИЛАЛ БУУРУУЛАХЫГ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ
2021-01-13 11:14

Цар тахлаас үүдэж бизнесийн орчны нөхцөл байдал улам хүндэрч байгаа тул МҮХАҮТ аж ахуйн нэгжийнхээ эрх ашгийг хамгаалах, байр сууриа илэрхийлэх, хөл хорионы нөхцөл байдлыг төр засаг эргэж харахад нөлөөлөх үүднээс “Ажлын байраа аврах” аяныг нийгэм даяар өрнүүлэхээр санаачлан зохион байгуулж байна.

Үүнтэй холбоотой цахим хурлыг зохион байгуулж 100 орчим компанийн захирлууд оролцож санал, шийдэл хэллээ.

Монголын ноос, ноолуурын холбоо

Уул уурхайн салбар шиг 5-7 хоногийн ээлжээр ажиллах хүчнийхээ 30-40 хувийг ажиллуулах саналыг дэвшүүлж байна. Ойролцоогоор 400 хүнийг ажиллуулж, тусгаарлаж халдвар хамгааллыг нь сахиулах саналаа ХХААЯ-д дэвшүүлсэн.

Дөл Аглут ХХК. Барилга

2020 онд гурван барилга бариад хоёрыг нь улсын коммисст хүлээлгэн өгөх байсан ч хөл хорио тогтоосон. Захиалагчаас урсгал зардлаа төлөөд явах боломжтой юу гэж асуусан ч эрсдэлээ өөрсдөө хүлээ гэсэн. Бидэнд орж ирэх ёстой мөнгө орж ирээгүй ч шинэ барилгын урсгал зардал, НДШ, татвараа төлөөд явж байгаа нь дарамт болж байна.

Монгол Базальт ХХК. Барилга

  1. Төсвөө яаралтай тодотгох шаардлагыг тавих. Хөдөө орон нутагт баригдах барилгуудын тендер эхэлсэн байна. Үүний оронд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр ажилгүйдлийн тэтгэмж олгох.
  2. Зээлийн хүү, хадгаламжийн асуудал дээр бодлогын хүүг 3 хувь руу буулгаснаар зээлийн хүүг инфляцийн түвшинд хүргэх боломжтой.
  3. НӨАТ-ыг тэглэдэггүй юм аа гэхэд 5 хувьд хүргэх нь үүссэн нөхцөлд тохиромжтой. Иймд хуульд нэмэлт өөрчлөлт оруулмаар байна.

Монгол тогоруу трэйд ХХК

Дулааны аргаар мах, махан бүтээгдэхүүн боловсруулж Хятад руу экспортолдог. Экспортоо зогсоохгүй гэсэн ч монгол жолоочийг Эрээн дээр нэвтрүүлэхгүй, хятад жолоочоор солино гэж байна. Үйлдвэрлэж байгаа ч гаргаж чадахгүй байна. Тээвэрлэлтийн зардал 2.5 саяас дөрөв дахин нэмэгдээд байгаа бөгөөд жолооч нар үнэ тохирч явуулдаг, чэнжүүд олширч байна. Шийдэл нь төмөр зам байх ёстой.

Махны экспортын хоёр асуудал дээх анхаарах шаардлагатай байна. 1, Тээврийн асуудал. Тээврийн хөлс 2.5 сая байсан бол одоо 10 сая болчихоод байна. Үүнийг яаж зохицуулах вэ? 2.Өдөрт махны экспортын Эрээн рүү орох машинуудын тоог нэмэгдүүлэх дээр анхаарах…Өдөрт 6 хан машин нэвтэрч, энэ нь бөөн хэл ам дагуулдаг.

Every Day ферм

Эдийн засгийн салбаруудаа эрэмбэлээд аврах төлөвлөгөөгөө боловсруулмаар байна. Зүгээр л сохроор хөл хориог сунгаад байж болохгүй.

ГММСҮТөв

МСҮТөвүүд төрийн сургуулиудтай адил онлайн сургалтуудыг хийж байгаа. Иймд орлого олох богино хугацааны сургалтыг цөөн хүнтэйгээр хийх зөвшөөрөл олгох талаас нь уламжилж өгмөөр байна.

Монголын Гоо Сайхны Бүтээгдэхүүний Кластер

Бусад орнууд түр журмаар гоо сайхны салбартаа гар халдваргүйжүүлэгч үйлдвэрлэх зөвшөөрөл өгсөн. Манай улсад эсрэгээрээ бүр зөвшөөрөлтэй компаниудад спиртийг нь өгөхгүй процесс маш хүнд сурталтай байна. Тусгай зөвшөөрөл олгодог хороодууд нь хуралдахгүй байна.

МГЗМ Холбоо

Цар тахал далимдуулаад төрийн байгууллагуудын хүнд суртал ихэссэн. Гаалийн зуучлалын чиглэлээр Хүн бүрийн 500 мянгаар 100 хүн сургасан. 50 сая гэсэн үг. Гэтэл ажиллах эрхийг нь одоо хүртэл нээхүй байна. Нэг хүний гарын үсгээс болоод. Эрх нь нээгдэхгүй болохоор гаалийн сүлжээнд ажиллах эрхийг нь хаах аюултай болоод байна. Энэ 100 гаран хүн бүтэн жил ажилгүй явлаа. Албан бичгүүд явуулсан ч хариу ирсэн нь алга.

Жүр үр ХХК

Халдварыг яаж хяналтад оруулах вэ гэдэг дээр саналаа хэлье. УОК тахлыг хойноос нь хөөгөөд гүйцсэнгүй. УБ-ын хотын нийт 400 гаруй мянган өрхөөс нэг хүнийг шинжилгээнд хамруулах саналыг дэмжиж байгаа. Тэгж чадвал тодорхой стандартын дагуу компаниуд ажиллах боломжтой гэж бодож байна.

Ханбогд Кашмер ХХК

  1. Ковид-19 цар тахлын үед бизнесийн зээлийг сунгаж, хүүг бууруулах
  2. Сул зогсож байгаа үеийн ажилчдын цалингийн зардлыг Засгийн Газраас хариуцах
  3. НДШ, ХХОАТ-н шимтгэлийг тэглэх
  4. НӨАТ-н хувийг бууруулж 5%-д хүргэх
  5. Хорио цээрийн дэглэмийг чанд сахиулан жижиг дунд үйлдвэрийн ажилчдын дор хаяж 20%-г ажиллуулахыг зөвшөөрөх

Орд Констракшн ХХК

Банкуудтай зээлийн хүү болон зээлийн үндсэн төлөлтийг зогсоох талаар ярьж тохиролцмоор байна. Яагаад банкууд энэ ажилд гар бие оролцож болохгүй гэж. Хувийн жижиг комданиуд ажилгүй байсан ч ажилчдаа цалинжуулаад, ажлын байраа хадгалахын төлөө тэмцэж байна. Зээлийн хугацааг сунгаж байгаа нь ямар ч дэмжлэг биш харин ч эсрэгээрээ ямаан дээр тэмээний гарз болж байгаа юм. Хугацаа уртсах тусам их мөнгө төлнө гэсэн үг шүү дээ.

Наран групп ХХК

Хадгаламжийн хүүг 3 хүртэл хувиар бууруулах хэрэгтэй. Хадгаламж эзэмшигчдийн 90 гаруй хувь 100-аас дээш сая төгрөгийн хадгаламжтай. Хүү бууруулахад тэд алзахгүй. Зээлийн хүүг долдугаар сар хүртэл 50 хувиар бууруулж 6 хувь болгох шаардлагатай. Нөгөө 50 хувийг төр эрдслийн сангаасаа дааж болно.

Цахим худалдааг зөвшөөрчихөөд хүргэлтийг нь зөвшөөрөхгүй байна. Зөвшөөрөл дээр нь мөнгө хийгээд байна шүү дээ. Газрын төлбөр олон дахин өссөнөөс болж олон газар дампуурч байна. НӨАТ-ын татварын 5 хувь болгомоор байна. Нийгмийн даатгалыг хөл хорио зогстол тэглэмээр байна.

Монмасло ХХК

Манайх орлого тэгтлээ их унаагүй. Ажилчдаа халаагүй. Гэхдээ QR кодноос болоод ажилдаа ирж чадахгүй, борлуулалт хийх боломжгүй болчихлоо. Автобусаар явах нь эрсдэлтэй. Тэгсэн хэрнээ ургамлын тосоо нийлүүлээч гээд Нийслэлээс хэлээд байх юм.

Suruga Mongol ХХК

  1. Төсвийн тодотгол хийж нэн шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг шинээр эрэмбэлэх
  2. Газар, үл хөдлөх хөрөнгийн татварыг хөнгөлөх
  3. 7/1 -н хүртэл НДШ, ЭМДШ-ийг хөнгөлөх, чөлөөлөх
  4. НӨАТ-ын хувь хэмжээг багасгах
  5. Хадгаламжийн хүүг бууруулах
  6. Зээлийн хүүг бууруулах
  7. Ажлын байраа хадгалж үлдсэн байгууллагад ААН-ын татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх

Billiton Glory ХХК

  1. Худалдааны байгууллагуудад тодорхой хэмжээгээр QR код олгох, дэглэмээ бариад хүргэлтийн үйл ажиллагааг явуулах
  2. Танхимын зүгээс Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг олгох тал дээр тодорхой боломжуудыг нээх

Эх сурвалж: business.mn /Г. ДАВААДОРЖ