ТӨРД ЗҮТГЭХ ЗҮРХ ҮХЭЖ БАЙНА
2021-01-21 12:51

Зүрхнийхээ галыг асаагаад, зүглээд, зүтгээд ирсэн залуус шантраад зугттал шүүх юм байна шүү, энүүхэндээ гэхэд. Хэвлэлийнхэн нь хаалтын гэрээ бариад хэдэн саяыг нэхээд хэвтчихнэ. Гэрээг нь ойлгохгүй, цаад шантаажны утгыг нь тайлж уншихгүй, гарын үсэг зурахгүй бол холбоо сүлбээгээрээ бужигнаад хорлонтой муухай сэвнэ. Олон нийт дагаж савлана, олиггүй муухайгаар хэлнэ. Өөрчилж, шинэчлэх гэсэн алхам бүрийг нь тухайн салбарт буглаад, бугшаад 20, 30, 40 жилээр хэвтчихсэн дунд шатны дарга, тэдний цүнхчид няцаагаад, нармийлгаад, хуйвалдаад суучихна.

Сайдынхаа ардуур бие бие рүүгээ утасдаад "Цаадах чинь тэгж шаардаад байна, за яахав, мань чинь аргалаад гарын үсэг зуруулчихна" гээд хоорондоо хуйвалдаад, эмнэлгийн тоног төхөөрөмж шахах, эм тариа наймаалах зэрэг асуудлаар панз үсэргээд, хэдэн арван байр савтай болоод хэвтэж байдаг авилгачин давхаргынхан аль ч яаманд арав, хориороо бий, өрөө болгонд бий. Бизнест нь саад учраад эхлэнгүүт сайдаа муулдаг, саваад, сэвээд хэвтчихдэг, мөнгөлөг, өнгөлөг гарууд. НӨАТ-ыг сугалаатай болгоход л дунд шатныхан нь яаж хуйвалдан хувааж авав? Энэ мэт хүндрэлүүдийн дундуур туучиж, тэсч үлдэх гэж Хүрэлсүхийн хэдэн залуу сайд хэд цавчуулж, хэд балбуулж, хэрэндээ л буруу эргэлтийг зөв болгох гээд зүтгэж байна. Эрүүл мэндийн салбарынхан мэргэжлийн сайдаа авч үлдэх гээд бас л ингээд зогсож байна. Арга ч үгүй байх. Дунд шатны дарга нарын духан дунд цохдоод эхэлж байсан л даа.

Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн даатгалыг гүйцэтгэлээр санхүүжүүлдэг болгосноор өвчтөн гаднаас эм, тариа зөөхгүй болсон, Эмийн агентлаг байгуулах замаар хуурамч чанаргүй эмээр ашиг олдог мафийн сүлжээг ажилгүй болгосон, ковид-19 гараад жил болж байхад бэлтгэлгүй байсан эмнэлгүүдийг Молекулийн биологийн лаборатортой болгосон, эрсдэл дунд ажилладаг эмнэлгийн ажилтнуудыг даатгалтай болгосон...Хүчит шонхорын эзний хүү юм гэсэн, өөрийн гэсэн бизнес эхлүүлээд зүтгэж байхын оронд улсын эмнэлэг өөд нь татаад, анхан шатнаас нь эмчээр ажиллаад, төрийн ажлын хүндэд муу хэлүүлж модоор занчуулаад зүтгэж яваа нь сэтгэл зүрхтэйнх шүү дээ. Энэ хүртэл юу туулж, хэрхэн шантарч, яаж зүтгэснийг бид мэдэхгүй.

Хагалгааны ширээний ард ямар багажаар дутаж, хэдэн цагаар хэрхэн зогсдогийг нь ч мэдэхгүй. Монголын төрд зүтгэх гээд төмөр сахилга бат бариад ороод ирж байгаа залуусаа ингэж хүйтэн угтаж, хөлд нь дөнгө зүүгээд ус руу шидээд байвал төр бялдууч, авилгачидтайгаа л үлдэнэ. За ямар ч байсан МАН энэ суудалд салбарын бус, мэргэжлийн бус, нам дагаж намирсан, дарга дагаж далдайсан сайд томилох эрхгүй шүү! Эрүүл мэндийн салбарынхан бүх сайдыг бүүр яв л гэдэг, энэ удаа харин мэргэжлийн сайдтайгаа үлдэж байж өөрчлөлт ирнэ гэдэгт итгэж байна, энэ урам зориг, итгэлийг Т.Мөнхсайхан өгсөн байна.

Р.Эмүжин