НАЙЗТАЙ БОЛЖ ЧАДДАГГҮЙ ХҮҮХЭДТЭЙГЭЭ ХЭРХЭН АЖИЛЛАХ ВЭ?
2021-02-17 10:06

Хүүхдүүд бусдынхаа тоглож байгаа газар хамт тоглоод амархан найзууд болчихдог ч хүүхдүүдтэй тоглож чаддаггүй, найзуудаас ялгараад наана нь үлдчихдэг хүүхдүүд ч байдаг.

Найзууд нь тоглохоос татгалзсан хүүхэд аажмаар хүлээн зөвшөөрөгддөггүй гэсэн мэдрэмжтэй болсоор өөртөө итгэх итгэл нь багасаж, эцэг эхээсээ зүүгдэх нь элбэг болдог.

Найзтай болно гэдэг нь “Нөхөрлөлийн арга барил”-д суралцах юм. Хүүхдээ найзтай болоход нь хэрхэн туслах вэ?

Хүүхдээ бусадтай зөв харилцахад сургах. Жнь: Ширээ тойрч суугаад өөр өөрсдийн сонирхолтой зүйлсийг ярих. Өөрийн ээлж хүртэл сайн сонсож чадсан хүүхдээ “Яриаг дуустал сонссонд баярлалаа. Одоо чиний ярих ээлж” г.м хүүхдийнхээ яриаг идэвхтэйгээр дуустал сонсоод дараа нь яриатай нь холбоотой хялбархан асуулт асууж идэвхжүүлээрэй. Бусадтай эелдэг харилцаж сурах нь хамгийн чухал алхам.

Эхлээд аажмаар ганц нэг хүүхдүүдтэй тоглож сургах. Хүүхдээс тань 6 сараас 1 нас орчим дүү бол бүр сайн. Хамаатны болон найз нөхдийнхөө хүүхдүүдээс хэн нэг байж болно шүү дээ.

Дараа нь тоглоомын талбайд гаргах. Олуулаа тоглож байгаа хүүхдүүдээс илүүтэй хоёр гурваараа тоглож байгааг сонгож аажмаар дасгаарай.

“Очоод тогло” гэж шууд хэлэхээс илүүтэй “Найзууд нь ямар тоглоомоор яаж тоглож байгааг мэдээд ир дээ” гэх мэт тодорхой даалгавараар зоригжуулаарай.

Хүүхэд тань мэдээд ирвэл “Найзуудынхаа тоглож байгаа тоглоомын дүрмийг ажиглаад, ойлгож мэдэж өгсөнд баярлалаа. Дараагийн удаа найзуудынхаа нэрийг мэддэг болчихвол гоё ч юм уу” гээд ойртож очсон хичээл зүтгэлийг нь урамшуулаарай.

Тоглоом тоглох эерэг хандлагад суралцах. Хүүхэд үеийнхэн дээрээ очоод тоглоомыг ганцаараа өмчирхөх, хэт зааварлах, өрсөлдөх, булаалдах хандлага гаргаад байвал бусдадаа гадуурхагддаг. Тиймээс гэр бүл дотроо ээлжлэн тоглох, ялагдсан ч ялах ээлж ирдэг гэдгийг мэдрүүлэх хамтын тоглоом тоглож байгаарай.

Заа тэгээд хүүхдийг нөхөрлөлд сургах, найз нөхөдтэй болгох хамгийн шалгарсан арга бол аав ээжийн тэдэнд зориулах чанартай цаг шүү. Гэр бүл доторх харилцаа хүүхдийг нийгмийн харилцаанд бэлтгэж байдаг.

Г. Төмөрзаяа (#Хөөрхөн_шар_шувуу сургалт судалгааны төвийн үүсгэн байгуулагч)

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.