ӨНӨӨДӨР "БАГШ ШАВИЙН БАРИЛДЛАГА-2021" УРАН БИЧЛЭГИЙН ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЭНЭ
2021-10-04 14:00

Монголын багш нарын 55 дахь өдөр, Орчин цагийн Боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Боловсрол соёл урлагийн газрын монгол хэл хариуцсан мэргэжилтэн О.Оюунтунгалаг, Тосонцэнгэл сумын сургуулийн 11-р ангийн сурагч Ү.Энхжин нар хамтран "Багш шавийн барилдлага-2021" уран бичлэгийн үзэсгэлэнг өнөөдөр Мөрөн хотод гаргаж байна. Ингээд Ү.Энхжинтэй ярилцлаа.

“Багш шавийн барилдлага үзэсгэлэнгээ гаргаж буйд баяр хүргэе. Уран бичлэгээр хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?

-Баярлалаа. Миний хувьд аймгийн хэмжээнд гаргаж буй 3 дахь үзэсгэлэн. Би бага байхаасаа монгол хэл болон дүрслэх урлагийн хичээлдээ дуртай, 6-р ангиасаа үндэсний бичгийн хичээл миний сонирхлыг их татаж, түүнээс хойш монгол бичгээ судлахын зэрэгцээ бийрийн бичлэгээр хичээллэж эхэлсэн.

-Яагаад О. Оюунтунгалаг багштайгаа “Багш шавийн барилдлага” үзэсгэлэнг хамтран гаргахаар болов ?

- Аав ээжийнхээ дэмжлэгтэйгээр 2019 онд “Этүгэн”, 2020 онд “ГэГэ” бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан. Энэ жилийн тухайд Монголын орчин цагийн боловсрол үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Монголын багш нарын 55 дахь өдрийг тохиолдуулан, УИХ гишүүн, БШУ-ны сайд Л. Энх-Амгалангийн дэмжлэгтэйгээр “Багш шавийн барилдлага” үзэсгэлэнг Боловсрол соёл урлагын газрийн монгол хэл хариуцсан мэргэжилтэн О. Оюунтунгалаг багштайгаа хамтран Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо “50.100 EVENT HALL”-д бүтээлүүдээ дэлгэлээ. Багш бид 2-ын хувьд “Багш шавийн барилдлага” үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд нь  монгол уран бичлэгийн чадвар, бичгийн хэв, дадалд ахиц гарсан, бие биенээсээ суралцсан, бүтээлч, хөдөлмөр шингэсэн бүтээлүүд багтсан. Эх хэлээ дээдлэн хайрлаж суралцдаг хэн бүхнийг ирж үзэхийг урьж байна.

-Монгол уран бичлэгээр хичээллээд ямар амжилтууд гаргасан  бэ? Онцлох амжилтуудаасаа дурдана уу?

- 8-р ангид байхаасаа хэл бичгийн аймаг, улсын чанартай уралдаан, тэмцээнд оролцож өөрийгөө сорьж эхэлсэн. “Монголын сайхан бичигтэн-2018” улсын уралдааны сурагчдын ангилалд  гутгаар  байр, 2020  улсын уралдааны уран бичлэгийн ангилалд тусгай байр, “Сүегэр-2020”  улсын уралдааны шилдэг  оролцогч, “Сүегэр-2021” улсын уралдаанд тэргүүн байр эзэлж байсан.

Монгол уран бичлэгт суралцахад хэн нөлөөлсөн бэ?

Ээж минь англи хэлний багш ч гэлээ монгол бичгээ сайн мэддэг, бичгийн чадвар сайтай мэргэжлийн бус багш нарын олимпиадад амжилттай оролцож байсан. 6-р ангид байхаас эхлэн намайг төвөггүй уншуулж, бичүүлж сургасан. Монгол бичгийн суурь мэдлэгийг сайн тавьж өгсөн болохоор түүнээс хойш монгол бичгийн чадвартай багш нарт шавь оруулсан. Монгол уран бичлэгийн чиглэлээр болж буй бүхий л сургалтад намайг хамруулж олон сайхан багш нартай учруулсан.  ХИДС-ийн уран бичлэгийн багш Б. Амгалан, Э. Анхбаяр, МХУБТ-ийн багш Д. Ганбаатар  МУЭ-ийн зураач каллиграфич МУСТА Л. Амарсанаа, Хөвсгөл аймгийн БСУГ-ын Монгол хэлний боловсрол хариуцсан мэргэжилтэн О. Оюунтунгалаг, “Авьяас” сургуулийн МХУЗ-ын багш Б. Отгонтуяа, Баянзүрх сумын МХУЗ-ын багш Б. Долгормаа нараасаа их зүйл сурсан. Бүгд л чадвартай, олонд танигдсан, бахархмаар багш нар. 

-       - Монгол уран бичлэгт суралцсанаар ямар зан чанар, ур чадварыг эзэмшиж байна вэ?

- -Би бийрийн бичлэгээс гадна монгол угалзан, дөрвөлжин эвхмэлүүд гэх мэт монгол уран бичлэгийн төрлүүдээс аль болох бүгдийг нь сурч байна. Цахимд монгол бичгээр бичих, эхүүдийг бичиж суралцаж байна. Монгол уран бичлэгт суралцсанаар аливаад тэвчээртэй, эргэцүүлэх, бодож бясалгах, оюун дүгнэлт хийх, шинийг эрэлхийлэх зэрэг нэг бүтээл хийхдээ долоо хоногоос 1 сарын хугацааг зарцуулдаг. Багш нараасаа би хамгийн их ойлгож авсан чадвар бол бүтээлийг зөв бичих дүрмийн  ямар ч алдаа мадаггүй, бусдаас өөрөөр сэтгэх, өөрийн оюун санаандаа бодож, бясалгаж, бүтээлчээр сэтгэж хийхийг л зорьдог.

-       -  Монгол бичиг анх  сурахад ямар бэрхшээл тулгарч байсан бэ?

-       -   Анх монгол бичгийг сурахад надад бэрхшээл тулгарч байгаагүй магадгүй надад монгол бичгийг сайн зааж сургасан багш нараас минь шалтгаалсан гэж боддог. Маш хурдан уншиж, бичиж, толь хөтөлж, эх хөрвүүлж сурсан. Харин бийрэн бичлэг суралцахад байнгын дадлага, мэдрэмж, хичээл зүтгэл мөн цаг хугацаа, тэсвэр тэвчээр шаарддаг. Нэг үг өгүүлбэрийг олон зуун удаа бичиж байж сая нэг бичгийн хэв тогтож, оюун бодолд ордог. Бичих болгонд л улам шимтэж, сонирхол төрж, монгол бичгээ гүн гүнзгий сурч судалмаар санагддаг.

       -    Үндэсний бичгээ сурч буй үе тэнгийнхэндээ хандаж юу хэлэх вэ?

- Манай Хөвсгөл аймгийн монгол хэл бичгийн багш нар хичээлээ сайн зааж сургадаг гэж боддог. Би үе тэнгийнхэндээ өөрийн чаддаг зүйлээ зааж өгөхийг хүсдэг.  Хөвсгөл аймгийнхаа Баянзүрх, Цагааннуур, Рэнченлхүмбэ сумын сургуулийн сурагчид, төрийн албан хаагчид, нийт 80 гаруй хүнд бийрэн бичлэгийн анхан шатны сургалт зохион байгуулж Тосонцэнгэл сумын сургуулийнхаа 1-12-р ангийн 20 гаруй хүүхдэд “Бийрийн жим” дугуйлангаа ээжтэйгээ хамт хичээллүүлж байна. Хүн бүр эх хэл бичгээ өөрийн амь шигээ хайрлаж, бичиг соёлоо хүндэлж яваасай гэж хүсэж байна. Энэ дашрамд  намайг үргэлж дэмжиж байдаг хайртай гэр бүл, найз нөхөд,  Тосонцэнгэл сумын сургуулийн хамт олон, багш нартаа маш их баярлалаа. Цаашид эх хэлээ дээдлэн, улам их хичээн шамдан суралцах болно.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.