Э.ДАВААЧИМЭГ, Б.ШООВДОР НАР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2021-10-08 11:34

Осло-2021: Э.Даваачимэг, Б.Шоовдор нар хүрэл медаль хүртлээ

Норвегийн Осло хотод болж буй чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг Монголын чөлөөт бөхийн тамирчдаас тав дахь хүрэл медалийг авчирлаа. Энэ нь Монголын чөлөөт бөхийн тамирчдын ДАШТ-ий түүхэнд 68 дахь медаль болж байна. Олимпийн жин болох 57 кг-д түүний медаль нь эмэгтэй бөхчүүдээс анхны тохиолдол.

Э.Даваачимэг тэгшитгэлийн барилдаанд энэ жилийн залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Туркийн Элвира Камалоглуг 11:0-ээр ялсан ч шөвгийн наймд өсвөр үеийн дэлхийн аварга, өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн Азийн аварга Энэтхэгийн Аншуд 1:5-аар ялагдсан.

Э.Даваачимэг

Тэгвэл өчигдөр дагахад энэ жилийн залуучуудын дэлхийн аварга Казахстаны 19 настай Нилуфар Раймоваг 10:0-ээр, хүрэл медалийн төлөө 2020 оны ЕАШТ-ий мөнгөн медальт Украины Соломиа Винникийг хүндхэн барилдааны эцэст 11:8-аар ялснаар дэлхийн медальтан боллоо.

БААТАРЖАВЫН ШООВДОР ДАШТ-ЭЭС ГУРВАН ЖИЛ ДАРААЛАН МЕДАЛЬ ХҮРТЭВ

Харин “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор 59 кг-ын жинд хүрэл медалийн эзэн болов. Тэрбээр медальтай үлдэх эсэхээ шийдэх хариуцлагатай барилдаанд 2017 оны залуучуудын дэлхийн аварга, энэ жилийн Пан Америкийн аварга, АНУ-ын Майя Нильсоныг тун хүнд барилдааны эцэст 4:3-аар яллаа.

Б.Шоовдор

Б.Шоовдор сүүлийн дөрвөн удаагийн ДАШТ-ий медалийн төлөө барилдаж ийнхүү дараалан гурав дахь хүрэл медалиа зүүж байна. Монголын чөлөөт бөхийн тамирчдаас гурван удаа болон түүнээс дээш медаль хүртсэн зургаа дахь тамирчин (Х.Баянмөнх, З.Ойдов, С.Батцэцэг, О.Бурмаа, О.Насанбурмаа, Б.Шоовдор) болов гэж МЧБХ-ноос мэдээллээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.