СЭЛЭНГЭЧҮҮД АЙМАГ, СУМДЫН ИТХ-Д СОНГОГДСОН ЗАЛУУ ТӨЛӨӨЛӨГЧДӨД МЭДЛЭГ ОЛГОЖЭЭ
2021-10-09 10:28

Сэлэнгэ аймгийн ИТХ-аас “Иргэний боловсрол төв” төрийн бус байгууллагатай хамтран аймаг, сумдын ИТХ-д сонгогдсон залуу төлөөлөгчдөд мэдлэг олгох сургалтыг зохион байгуулжээ.

Сургалтад 40 хүртэлх насны залуу төлөөлөгчид оролцсон байна. Энэ сарын 6-7-ны өдрүүдэд болсон дээрх үйл ажиллагааг “Иргэний боловсролын төв” ТББ-ын тэргүүн Монгол Улсын гавьяат багш Р.Нарангэрэл удирдан явуулсан байна. Мөн сургалтад тус ТББ-ын хөтөлбөрийн захирал н.Ариунцэцэг, МУИС-ийн Нийгмийн ухааны сургуулийн багш Е.Есүхэй нар хамтран оролцсон бөгөөд тус ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга, Улсын бага хурлын гишүүн асан Р.Хатанбаатар цахимаар оролцжээ.

“Иргэний боловсрол төв” төрийн бус байгууллага нь Европын холбооны дэмжлэгтэйгээр “Бүгд залуусын төлөө, залуус бүгдийн төлөө” төслийг Улаанбаатар хот, Хэнтий, Дорноговь, Баянхонгор болон Сэлэнгэ аймагт хэрэгжүүлж байгаа аж. Төслийн гол зорилго нь залуучуудын ТББ-ын чадавхыг бэхжүүлэх, залуучуудын асуудлаар төрийн байгууллагатай хамтран ажиллах, судалгаа нөлөөлөл хийх замаар Монгол Улсын хөгжлийн явц, засаглалд залуучуудын хувь нэмрийг оруулах чиглэлээр мэдлэг олгож байгаа аж.  

 

Энэ удаагийн сургалтыг Сэлэнгэ  аймгийн ИТХ-аас аймаг, сумын ИТХ-д сонгогдон ажиллаж буй залуу төлөөлөгчдөө сонсох, мэдээлэл хүргэх, хэлэлцүүлэг өрнүүлэх замаар бодит асуудал дээр хэрхэн хамтран ажиллахад нь. Цаашлаад ажлын төлөвлөгөөгөө хэрхэн гаргах зэрэгт түлхэц өгөхөөр дээрх төрийн бус байгууллагатай хамтран эл семинарыг зохион байгуулсан байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.