ЗАСГИЙН ГАЗРААС 2022 ОНЫ ТӨСВИЙГ 18 ИХ НАЯДААР ӨРГӨН БАРЬЖ, ТҮҮХЭН РЕКОРДЫГ ЭВДЛЭЭ
2021-10-15 09:31

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дөрвөн зорилтоо танилцууллаа

Монгол Улсын Засгийн газар 2022 оны төсвийг их л  өөдрөгөөр төсөөлж байгаа аж. Тиймдээ ч  Монгол Улсын түүхэнд анх удаа 18 их наядын төсвийг УИХ-д өргөн бариад байна.  Өнгөрсөн хугацаанд улс орон даяар цар тахлын эрсдэлд орж, эдийн засаг -5.3% хүртэл агшиж, төсвийн алдагдал ДНБ-ий 12 %-ийг эзэлж, 250 мянган ажлын байр эрсдэлд орлоо. Энэ бол 1992 оны шилжилтийн үетэй дүйцэх хоёрдахь хүнд үе байсан гэдгийг Засгийн газрын тэргүүн хэлсэн. Тийм учраас 2022 оны төсөв бол  эдийн засгийг тэлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх хөгжлийн төсөв хэмээн тодорхойлсон. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны төсөв бол татвар төлөгчдийн мөнгө бүхэн эдийн засагт үржүүлэхийн хүрдний үүрэг гүйцэтгэх, хувийн хэвшлийн болон хөрөнгө оруулагчдын сэдлийг төрүүлэх ерөнхий зарчимд тулгуурлан боловсруулагдсаныг онцолж буй. Цаашид төр илүү ихээр бүсээ чангалж, хэмнэлтийн горимд ажилласаар байх зорилт тавьсан бөгөөд үүнийхээ хүрээнд 2022 онд ч төр илүү дутуу зардлаа танаж, дахин хуваарилах, төрийн үйл ажиллагааг цахимжуулах зэргээр хэмнэлтийн горимд ажиллахаар болжээ. Ерөнхий сайдын УИХ-ын чуулганы танхимд хэлсэн үгнээс бас нэгэн онцолж хүлээн авах утга санаа нь “2022 оны төсөв бол дундаж давхаргыг дэмжих үндэсний тогтолцоог бий болгох, халамжаас хөдөлмөрт шилжих, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн суурь реформын эхлэлийг тавих төсөв юм” хэмээн хэлсэн нь байв. Өөрөөр хэлбэл баян хоосны ялгааг арилгахад бага боловч түлхэц болох үүднээс дундаж амьдралтай иргэдээ илүү их дэмжиж, иргэдийн ажлын байртай, цалин орлоготой байхад илүү анхаарч ажиллахыг зорьж байгаа аж. Энэ засгийн газар хавтгайрсан халамж тараахаасаа илүү чанартай ажлын байрыг бий болгож, хөдөлмөр эрхлэх чадвартай, орлого багатай иргэдэд ажил хийх боломж бололцоог нь бүрдүүлж өгөхийн тулд ажиллахаар болсон нь давуу тал юм. Түүнчлэн  “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлж  уул уурхай, эрдэс баялгаас төвлөрүүлсэн орлогыг нийт иргэдэд тэгш хүртээмжтэй хуваарилах зарчмаар хүүхэд багачууддаа хуримтлалын данс үүсгхийг зорьж байгаа. Мөн иргэн бүр жил бүр эрүүл мэндийн бүрэн оношилгоонд хамрагдах тогтолцоонд 2022 оны төсвийн жил шилжих нь ээ.

2022 онд Улаанбаатарын  автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээнд 420 тэрбум төгрөг зарцуулах гэнэ. Энэ мэтчилэн нарийн тооцоо, судалгааны үндсэн дээр 2022 оны төсөв 18 их наяд байна гэж үзсэн аж. Хэдийгээр түүхэнд байгаагүй өндөр төсөв хэлж байгаа ч иргэд, ард түмэн рүүгээ чиглэсэн олон чухал ажлын эхлэлийг тавьж, цаашид улс орны хөгжилд ахиц авч ирэх алхам эхлүүлэх чин зориг, хүсэл байгаагаа Монгол Улсын Ерөнхий сайд УИХ-ын чуулганы индэр дээрээс хэлээд авлаа.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.