ЭНЭТХЭГТ КОКСЖИХ НҮҮРС ЗЭРЭГ УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮН ЭКСПОРТЛОХ ТУРШИЛТЫН ТЭЭВЭР ХИЙНЭ
2021-11-24 16:37

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ өдрүүдэд манай улсад айлчилж буй Энэтхэг Улсын Гадаад харилцааны Төрийн сайд Др.Ражкумар Ранжан Сингхийг өнөөдөр хүлээн авч уулзав.  

Сайд Б.Батцэцэг Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэл сүүлийн жилүүдэд эрчимжин хөгжиж байгааг дурдаад хоёр улсын ГХЯ хоорондын хамтын ажиллагаа улам нягт болж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрээр мөн саяхан Нурсултан хотноо болсон олон улсын хурлын үеэр Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд С.Жайшанкартай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярьж тохирсон ажлууд биеллээ олж байгаад, нэн ялангуяа хоёр тал “КОВИД-19” вакцины гэрчилгээг хурдан хугацаанд харилцан тохирч чадсандаа баяртай байгаагаа илэрхийлэв. Энэтхэг Улсын Гадаад харилцааны Төрийн сайд Др.Ражкумар Ранжан Сингх Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улам бэхжүүлж, улс төр, аюулгүй байдал, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, боловсрол, соёлын зэрэг салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Талууд Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тосны үйлдвэрийн төслийн явц, Энэтхэг Улсад коксжих нүүрс зэрэг уул уурхайн зарим бараа бүтээгдэхүүнийг экспортлох асуудлаар мөн ярилцав.

Др.Ражкумар Ранжан Сингх гадаад харилцааны салбараас гадна боловсролын салбарыг хавсран хариуцдаг Төрийн сайд тул Монгол, Энэтхэгийн боловсролын салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлнэ гэдэгт найдаж байгааг монголын тал илэрхийлэв. Сайд Б.Батцэцэг “Бид хоёр талын хүрээнд төдийгүй олон улс, бүс нутгийн талбарт ойр дотно хамтран ажиллаж байгаа уламжлалаа цаашид ч улам бэхжүүлэхийн төлөө байгаа”-г уулзалтын төгсгөлд тэмдэглэв хэмээн ГХЯ-наас мэдээлэв.

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжингийн урилгаар Энэтхэг Улсын Гадаад харилцааны Төрийн сайд Др.Ражкумар Ранжан Сингх энэ 11 дүгээр сарын 23-26-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.

Энэтхэг Улсад коксжих нүүрс зэрэг уул уурхайн зарим бараа бүтээгдэхүүнийг экспортлох туршилтын тээвэрлэлтийг хийнэ.

Өнөөдөр үдээс өмнө Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Энэтхэг Улсын Гадаад харилцааны Төрийн сайд Др.Ражкумар Ранжан Сингх нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улам бэхжүүлж, хоёр талаас хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн хэрэгжилтийг дүгнэж, ойрын жилүүдэд хөгжүүлэх хамтын ажиллагааны чиглэлүүдийг харилцан нотлов. Мөн улс төр, аюулгүй байдал, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, боловсрол, соёлын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцаж, харилцан сонирхсон олон улс, бүс нутгийн асуудлуудаар санал солилцлоо. Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тосны үйлдвэрийн төслийг амжилттай хэрэгжүүлэх, Энэтхэг Улсад коксжих нүүрс зэрэг уул уурхайн зарим бараа бүтээгдэхүүнийг экспортлох туршилтын тээвэрлэлтийг хийх чиглэлд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаар тохиров.

Айлчлалын хүрээнд Төрийн сайд Др.Ражкумар Ранжан Сингх тэргүүтэй төлөөлөгчид манай төр, засгийн удирдлагад бараалхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нартай уулзахаар төлөвлөж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.