МАНАЙ УЛСАД ХОЁР ДАВХАР АВТОБУС ШИГ ХЭРЭГГҮЙ ЮМ БАЙХГҮЙ, ХАЙРАН МӨНГӨ
2021-11-25 10:54

Давхар автобус үйлчилгээнд гарахад бэлэн болжээНийслэлийн авто замын хөгжлийн газрын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн А.Оргилсайхан зарим хэвлэлд ярихдаа манай улс шинээр  60 автобус худалдан авах гэрээ хийсэн хэмээжээ. Нийтийн тээврийн хүрэлцээ муу энэ үед өөр сонголтгүй. Харин нэмэлтээр 10 ширхэг хоёр давхар автобус худалдаж авахаар болсон тухай ярьсан байгаа юм.  Манай улс шиг хатуу ширүүн уур амьсгалтай цаг агаартай улс оронд хоёр давхар автобус шиг хэрэггүй эд байхгүй. Өмнө нь туршилтаар явуулж байсан бөгөөд эхэндээ хүмүүс сонирхоод сууж байсан бол сүүлдээ дээд хэсэг бараг хүнгүй болсон гэдэг. Өвлийн улиралд бол бүр ч дэмий болохыг жолооч нар ч иргэд ч шүүмжилж байв. Хэдийгээр тоо цөөнө ч 10 ширхэг хоёр давхар автобусны зардал чамгүй их гарна. Үүнийхээ оронд энгийн автобусныхаа тоог 10 аар нэмвэл илүү амьдралд хэрэгтэй, иргэдэд тухтай байх юм. 

Нэмж хэлэхэд одоогоор  нийслэлийн 97 чиглэлд 1000 орчин автобус олон нийтэд үйлчилж байгаа аж.  Уртгасан цагаар хотын дөрвөн чиглэлд автобус шөнийн 12 цаг хүртэл иргэдэд үйлчилдэг байна.  Хамгийн их ачаалалтай байдаг Сүхбаатарын талбайн урдах,  “Цэцэг төв”, МУБИС, “Мөнгөн завъяа” болон 120 мянгатын автобусны буудлын ачааллыг бууруулах үүднээс дундаас нь автобус явуулж байгаа аж. 

Нийтийн тээвэр хоорондын зайг 5-8 минутаар төлөвлөн, тухайн чиглэлд нь гаргадаг байна. Гэвч авто замын түгжрэлээс болж хугацаа хойшлох, удаашрах мөн иргэд 20-30 минут автобус хүлээхэд хүрдэг ажээ. Мөн авто замд үүссэн осол аваарын улмаас түгжрэл бий болж, эргээд автобусны хөдөлгөөнийг удаашруулдаг байна. 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.