МОНГОЛД БАРИХ “УСТӨРӨГЧИЙН ҮЙЛДВЭР”-ИЙГ ИТАЛИ УЛСЫН “КИНЕТИКС ТЕХНОЛОЖИ” КОМПАНИЙН ЛИЦЕНЗЭЭР БАЙГУУЛНА
2021-11-25 09:19

Монголд барих газрын тос боловсруулах үйлдвэрийн “Устөрөгчийн үйлдвэр”-ийг Итали Улсын “Кинетикс техноложи” компанийн лицензээр байгуулна.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн гүн боловсруулах, патенттай технологийн лиценз эзэмшигчдийг ийнхүү шалгаруулж эхэллээ. Газрын тос боловсруулах үйлдвэрийн хэд хэдэн үйл ажиллагаа нь устөрөгчтэй орчинд хийгдэх тул технологийг устөрөгчөөр хангах энэ байгууламж нь үйлдвэрийн чухал бүрэлдэхүүн хэсэг аж.

Хоёр жил гаруй хугацаанд үргэлжилсэн сонгон шалгаруулах ажиллагаа, хэлэлцээний үр дүнд Италийн “Кинетикс Техноложи” компанийн лицензитэй байгууламж барихаар боллоо. Тус компани нь 30 гаруй оронд салбартай, олон төрлийн технологийн лицензийг зохиогч эзэмшигч, дэлхийн газрын тос, байгалийн хийн салбарын томоохон төлөөллийн нэг болохыг Газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийн цахим хуудаснаа мэдээлсэн байна.

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, БНЭУ-аас төслийн менежментийн зөвлөх “Инженерс Индиа Лимитед”, Италийн "Кинетикс техноложи” компанийнхан цахим уулзалт зохион байгуулсан. “Кинетикс Техноложи” компани нь газрын тос боловсруулах үйлдвэрийн төлөвлөлтийн эхний үе шатанд “Захиалагчийн инженер”-ийн зөвлөх компаниар ажилласан. Найдвартай, итгэл даах түнш гэдгээ харуулсан тус компанитай Монгол Улсын хувьд ач холбогдолтой үйлдвэр барихад дахин хамтран ажиллах болсондоо баяртай байгаагаа “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн захирал Д.Алтанцэцэг энэ үеэр илэрхийлжээ.

Газрын тос боловсруулах үйлдвэр нь үндсэн технологийн 12 байгууламжаас бүрдэнэ. Атмосфер болон вакуум нэрлэгийн, хөнгөн фракцийг ялгах зэрэг гол байгууламжаас гадна гадаадын газрын тос, байгалийн хийн салбарын томоохон корпорациудын патенттай, гүн боловсруулалтын 7 байгууламжтай байх юм. Эдгээр байгууламжийн лиценз эзэмшигчдийн дунд сонгон шалгаруулалт явуулж, сонгогдсон компани нь тухайн байгууламжийнхаа зураг төслийг боловсруулна. Одоогоор устөрөгчийн үйлдвэр, висбрекинг, хүхэр ялгах байгууламж хийхээр шалгарсан лиценз эзэмшигчтэй гэрээ байгуулж байгаа аж.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.