ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН СУДАЛГААНЫ ТӨВИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫГ СОНГОН ШАЛГАРУУЛЖ БАЙНА
2021-11-25 10:35

ГХЯ: Европын Холбоо Монгол Улсыг хар жагсаалтад оруулах эсэхийг нэг сарын  хугацаанд хэлэлцэж шийднэ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо төвтэй Засгийн газар хоорондын байгууллага болох Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн Гүйцэтгэх захирлыг сонгох сонгуульд Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлэх нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв нь эдгээр улсын хувьд чухал ач холбогдолтой дамжин өнгөрөх тээвэр, дэд бүтэц, худалдааг хөнгөвчлөх, худалдааны хэлэлцээ, хөрөнгө оруулалт, ядуурлыг бууруулах зэрэг асуудлаар судалгаа хийх, зөвлөмж гаргах, чадавх бэхжүүлэх, бодлого, арга зүйн дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой.

Тус судалгааны төвийн Гүйцэтгэх захирлын сонгууль “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв байгуулах тухай олон талт хэлэлцээр”-ийн дагуу болох бөгөөд хэлэлцээрт нэгдсэн орнуудын төлөөлөл бүхий Захирагчдын зөвлөлөөс Гүйцэтгэх захирлыг сонгож, 3 жилийн хугацаатай томилно.

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн Гүйцэтгэх захирал нь байгууллагын үйл ажиллагааг хариуцаж, тус байгууллагын Захирагчдын зөвлөлд тайлагнах үүрэгтэй.

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлэх нэр дэвшигчид тавигдах ерөнхий шаардлага:

  • Олон улсын удирдлага, бизнес, эдийн засгийн чиглэлээр магистраас дээш боловсролтой байх,
  • Олон улсын байгууллагын болон олон улсын төслийн удирдах албанд 3-аас дээш жил ажиллаж байсан туршлагатай байх,
  • Далайд гарцгүй хөгжиж буй болон орнуудын хүндрэл бэрхшээлийн талаар өргөн мэдлэгтэй, олон улсын түвшинд холбогдох асуудлаар судалгаа шинжилгээний ажил хийж байсан туршлагатай байх,
  • Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хөгжилд оруулсан хувь нэмэр, үйл ажиллагаагаараа олон улсад болон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлэгт танигдсан байх,
  • Олон улсын түвшинд бодлогын, аналитик судалгаа хийх ур чадвартай байх,
  • НҮБ-ын албан ёсны 2-оос доошгүй хэл (англи хэлийг оролцуулан)-ний мэдлэгтэй байх, манлайлах, удирдах чадвартай, үйл ажиллагааны туршлагатай байх.

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэдийн өргөдөл, намтар, сонгуулийн тунхаг /election manifesto/-ийг 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн  12 цагаас өмнө ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын dep06@mfa.gov.mn хаягаар хүлээн авна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.