ЭЛЧИН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН ЦААЗААР АВАХ ЯЛЫН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН КОМИССЫН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗЖЭЭ
2021-11-25 11:02

Элчин сайд Л.Пүрэвсүрэн цаазаар авах ялын эсрэг олон улсын комиссын төлөөлөгчтэй уулзжээ

Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв, Дэлхийн худалдааны байгууллага болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн гадаадын зарим төлөөлөгчтэй уулзжээ.

Тэрээр Цаазаар авах ялын эсрэг олон улсын комисс (ICDP)-ын Гүйцэтгэх захирал Асунта Виво Каваллер, Бодлого хариуцсан захирал Ражив Нараян нартай уулзав.

Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газар болон Цаазаар авах ялын эсрэг олон улсын комиссын харилцаа, хамтын ажиллагааны явц, ойрын хугацаанд хэрэгжүүлэх буюу зохион байгуулах хамтарсан арга хэмжээний талаар санал солилцжээ.

Мөн Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, түүний шалтгаан нөхцөл, үр дагаврын асуудлаарх НҮБ-ын Тусгай илтгэгч Рем Алсалемтай уулзлаа.

Уулзалтын үеэр Тусгай илтгэгч Алсалемын энэ 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 8-ны өдрүүдэд Монгол Улсад хийх айлчлалын бэлтгэл ажлын талаар ярилцаж, сонирхсон бусад асуудлаар санал солилцож, мэдээлэл өгөв.

Манай улс хүний эрхийн салбарт НҮБ, түүний төрөлжсөн байгууллагуудтай нээлттэй хамтран ажиллах бодлогын хүрээнд 2004 онд НҮБ-ын Тусгай илтгэгч нарт байнгын хүчинтэй урилга (standing invitation) илгээсэн бөгөөд Рем Алсалем нь уг урилгын дагуу Монгол Улсад айлчилж буй 10 дахь Тусгай илтгэгч юм гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.