АРХАНГАЙ АЙМАГТ МАЛЫН ШҮЛХИЙ ӨВНӨС СЭРГИЙЛЭХ ЭРГҮҮЛ АЖИЛЛАЖ БАЙНА
2021-12-31 12:00

Малын шүлхий өвчин Цахир сумын Ужигийн ам, Бодонтын давааны орчмын айл өрхийн малд илэрч, тархалт нь нэмэгдэж байгаатай холбогдуулан Хангай сумын Засаг даргын Орлогчоор ахлуулсан ажлын хэсэг сумынхаа Баян-улаан, Тэрх, Чандмань багийн Баруун эх, Зүүн эх болон Арбаясгалан багийн Буйруутын аманд өвөлждөг айл өрхөд шүлхий өвчний илрэх шинж тэмдэг, сэргийлэх арга хэмжээг сурталчилан таниулж ажиллажээ. Мөн Баруун эх, Зүүн эх, Буйруут гэсэн 3 газарт хөдөлгөөнт эргүүл ажиллуулж, Цахир сумын нутаг дэвсгэрт малаа оруулахгүй байх, иргэдийг зорчуулахгүй байх тал дээр анхааран ажиллаж байгаа аж.

Цахир сумаас Баруун эх, Зүүн эхээр даван орж ирсэн 3 айлын адууг буцаан татуулсан ба одоогоор ямар нэгэн зөрчил илрээгүй байна.

Сумын иргэд ч дэмжин ажиллаж байгаа аж. Хангай сум малын шүлхий өвчин тархсан Чулуут, Цахир сум, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумдаар бүслэгдэн, өндөр эрсдэлтэй нөхцөлд байдгийг сумын мал эмнэлгийн тасгаас мэдээлэв.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.