АЛДАРХААН СУМ МАЛЫН ТОО ТОЛГОЙГООР ТЭРГҮҮЛЖЭЭ
2022-01-04 10:16

Завхан аймгийн 2021 оны мал тооллогын урьдчилсан дүн гарч аймгийн Статистикийн хэлтсээс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Завхан аймаг 2021 оны жилийн эцэст 3755.2 мянган мал тоолуулжээ. Малын төрлөөр задалбал 252.7 мянган адуу, 245.2 мянган үхэр, 8.3 мянган тэмээ, 1919.5 мянган хонь, 1329.5 мянган ямаа тоологдлоо. Өмнөх онтой харьцуулахад үхэр 20.2 мянга буюу 9.0 хувиар, адуу 16.0 мянга буюу 6.8 хувиар, хонь 119.8 мянга буюу 6.7 хувиар, тэмээ 0.2 мянга буюу 2.0 хувиар тус тус өссөн байна. Харин ямаа 8.8 мянга буюу 0.7 хувиар буурсан байна. Тус аймагт сүүлийн 31 жил сүрэгт ямааны эзлэх хувь 18.4 нэгж хувиар нэмэгдсэн. Харин энэ жил сүргийн бүтцэд ямааны эзлэх хувь өмнөх оноос 1.7 нэгж хувиар буурчээ. Энэ жил малын тоо толгойгоор Алдархаан сум 292.0 мянган мал тоолуулж, аймагт хамгийн их малтай байна. Харин Тосонцэнгэл, Тэлмэн, Нөмрөг, Дөрвөлжин, Баянтэс, Баянхайрхан, Ургамал, Тэс, Сантмаргаз, Их-уул, Завханмандал, Сонгино, Алдархаан, Эрдэнэхайрхан, Түдэвтэй, Асгат, Идэр, Цэцэн-уул сумдад малын тоо өмнөх оноос 2.7-20.2 мянгаар өссөн байна. Харин Яруу, Цагаанхайрхан, Улиастай, Отгон, Цагаанчулуут, Шилүүстэй сумдад малын тоо өмнөх оноос 1.8 мянгаас 22.8 мянгаар буурчээ.

Аймгийн хэмжээнд 4529 толгой үхэр хорогджээ

2021 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр нийт малын тоогоор Алдархаан сумын Өгөөмөр баг 79.7 мянган толгой мал тоолуулж тэргүүлжээ.

Харин Их-уул сум адуу, үхэр, хонины тоогоор, Дөрвөлжин сум тэмээний тоогоор, Алдархаан сум ямааны тоогоор сүүлийн хоёр жил дараалан тэргүүлсээр байна. Урьдчилсан дүнгээр төллөсөн хээлтэгч, өмнөх оноос 79.7 мянга, бойжуулсан төл 44.6 мянган толгойгоор буурсан байна. 100 эхээс бойжуулсан төл 81 болж, өмнөх оноос хоёр төлөөр өссөн байна. Аймгийн хэмжээнд 48956 толгой том мал зүй бусаар хорогдсоноос ямаа 22121 толгой, хонь 18866 толгой, үхэр 4529, адуу 3427 толгой, тэмээ 13 толгойгоор хорогджээ. Том малын зүй бус хорогдол гэдэг нь малын өвчний халдвартай, халдваргүй хорогдол, гэнэтийн аюулын буюу цас зуд, үер ус, гал түймэр, аянга цахилгаан зэрэгт өртсөн хорогдол. Мөн бусад шалтгааны улмаас буюу малын хариулга, арчилгаа маллагаатай холбогдон гарсан шалтгаантай хорогдлыг хамруулдаг. Ер нь жил бүрийн малын тооллого, хөдөө аж ахуйн танилцуулга судалгаа нь аймгийн хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдалд дүгнэлт хийх. Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг боловсруулах, төлөвлөхөд суурь мэдээлэл нь болдог юм.

 

Аймгийн нийт малчдын 31 хувь зээлтэй байна

2021 оны жилийн эцэст тус аймагт малтай өрхийн тоо 13867 болж өмнөх оноос 98-аар өссөн байна.

 

Малыг ахуй амьдралдаа туслах чанарын үүрэгтэй өсгөн үржүүлдэг өрхийг малтай өрх гэж үздэг. Харин малчин өрх гэдэг нь жилийн дөрвөн улирлын туршид малаа маллаж, малын ашиг шим нь тэдний амьжиргааны эх үүсвэр нь болж байгаа өрхийг нэрлэдэг. Тэгвэл 2021 оны жилийн эцэст 201-999 малтай өрх 149, 1000-2000 малтай өрх 45, 2001-дээш малтай өрх гурваар тус тус өссөн байна. Мөн 50 хүртэлх малтай өрх 26, 51-200 малтай өрх 73-аар буурсан дүнтэй байна. Жилийн дөрвөн улирлын туршид мал аж ахуй эрхэлж, малын ашиг шим нь тэдний амьжиргааны эх үүсвэр болж байгаа 16 ба түүнээс дээш насны хүмүүсийг малчид гэж нэрлэдэг. Тэгвэл 2021 оны жилийн эцсийн тооллого судалгаагаар аймгийн нийт малчдын 31.0 хувь нь зээлтэй байна. Зээлтэй малчдыг насны бүлгээр авч үзэхэд, 17 хувийг нь 25-34 насны, 33 хувийг 35-44 насны, 32 хувийг 45-54 насны малчид эзэлж байна. Харин 36.2 хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан байна. Нийгмийн даатгалд хамрагддаг малчдын 67 хувь нь 35-54 насныхан байна. Хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаа нь бусад хүчин зүйлээс илүүтэйгээр байгаль, цаг агаараас хамааралтай бөгөөд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь үндсэндээ хүн амын хүнсний хэрэглээ, боловсруулах үйлдвэрлэлийн болон үйлчилгээний салбарын түүхий эдийн хэрэглээг хангадаг гол салбар юм гэв. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.