МОНГОЛ, ФРАНЦЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМД ХООРОНДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО
2022-01-12 12:44

Цар тахлын улмаас хойшлогдоод байсан Монгол, Францын хөдөө аж ахуйн яамд хоорондын зөвлөлдөх уулзалтыг цахимаар зохион байгууллаа.

Уулзалтыг Монголын ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Францын ХХААЯ-ны Европ, олон улсын хамтын ажиллагааны газрын дарга ноён Фредерик Ламберт даргалж, хоёр орны Элчин сайд, албаны хүмүүс оролцов.

Зөвлөлдөх уулзалтаар талууд хөдөө аж ахуй, хүнсний салбарын өнөөгийн байдал, баримталж буй бодлого, хоёр тал хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн тухай танилцуулж, цаашид хамтран ажиллах чиглэл, боломжийн талаар санал солилцлоо. Тухайлбал, цаг уурын эрс тэс нөхцөлд дасан зохицох чадвартай малын удмын сан, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх, газар зүйн заалтын бүтээгдэхүүнийг Европын холбоонд бүртгүүлэх, хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүдийг холбох, санхүүгийн эх үүсвэрийг олоход нь дэмжих, жимс, жимсгэнийн мод тарих туршлага судлах, жил бүрийн 10 дугаар сард Францын Клермон Феррон хотноо зохион байгуулдаг “Сомме дэ Элваж” мал аж ахуйн үзэсгэлэнд Монгол Улс зочны хувиар оролцох, Франц дахь хөдөө аж ахуйн хоршооллын туршлагаас хуваалцах, малын бэлчээрийн талаар ТББ-уудын хамтын ажиллагааг дэмжих, хөдөө аж ахуйн инноваци, гарааны бизнесийг дэмжих, олон улсын санал санаачилгад нэгдэх, сургалт вэбинар зохион байгуулах боломжийг ярилцав.

Түүнчлэн яамд хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолыг ойрын хугацаанд цахимаар зохион байгуулахаар тохиролцсоныг ХХААХҮЯ мэдээлсэн юм.

БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиен Сүрүн Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, хүнсээр дотоодын хэрэглээгээ хангах, хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг багасгах хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилтод ач холбогдол өгч ажиллахаа тэмдэглэлээ.

Монгол Улсаас БНФУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү “Хоёр орны хөдөө аж ахуйн салбарт тавьж буй дээрх зорилтууд нь Засгийн газраас баталсан “Алсын хараа 2050” хөгжлийн баримт бичигт хөдөө аж ахуйн салбарыг байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадвартай, нийгмийн хөгжлийн чиг хандлага, хэрэгцээ, шаардлагад нийцсэн, хариуцлагатай, бүтээмж өндөр, тогтвортой үйлдвэрлэлтэй эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх зорилттой нийцэж байгаа”-г онцолсон байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.