СЭЛЭНГИЙН ШААМАРТ ХУУЛЬ БУСААР ХАЙРГА, ДАЙРГА ОЛБОРЛОЖ БАЙСНЫГ ЗОГСООЖ, БУРУУТАЙ ЭТГЭЭДЭЭР НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙЛГЭХЭЭР БОЛЖЭЭ
2022-04-27 11:30

Хууль бусаар хайрга, дайрга олборлож буй талаар энэ сарын 16-нд иргэн цахим орчинд шүүмжилсэн. Үүний дагуу Экологийн Цагдаагийн Албаны ажлын хэсэг шалгахад, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт Бүрэг толгой гэдэг газарт 55х15 хэмжээтэй гурван хэсэг газрын хөрсийг 0.5 метр гүнтэй хуулж, 60х12 хэмжээтэй хоёр хэсэг газрыг 1.7 метрийн гүнтэй ухаж, нийт таван хэсэг газрыг 4,738.3 куб метр эзлэхүүнтэй ухсан байв.

Иймд ажлын хэсгээс аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийг оролцуулан хууль бусаар олборлосон хайрга, дайргыг худалдан авч үйл ажиллагаандаа ашигласан ААН-ийн үйл ажиллагааг зогсоож, зуурмагийн цех, бусад техник хэрэгслийг лацдан битүүмжилжээ.

Тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн олборлолтын улмаас эвдэгдсэн талбайг буруутай этгээдээр зохих журмын дагуу нөхөн сэргээлт хийлгэхээр болсон талаар Экологийн Цагдаагийн Албанаас мэдээллээ.

Мөн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар энэ төрлийн нийт таван гомдол мэдээлэл ирснийг хүлээн авч шалган нэг гомдлыг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан бол нэг гомдолд шалгалтын ажиллагаа явуулахад Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар заалтыг зөрчсөн зөрчлийн шинжтэй байсныг Мэргэжлийн хяналтын газарт шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна.

Харин гурван гомдол мэдээлэлд эрх бүхий этгээд албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй үйлдэл тогтоогдсон тул АТГ-т шалгуулахаар шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.