АЗЕРБАЙЖАНЫ НЭРИЙН ӨМНӨӨС БАРИЛДАХ САИД МОЛЛАЙГИЙН ХҮСЭЛТИЙГ ОУЖБХ ЗӨВШӨӨРЧЭЭ
2022-05-06 12:30

Олон Улсын Жүдо Бөхийн Холбооноос Дэлхийн аварга, Токиогийн олимпын мөнгөн медальт жүдо бөхийн тамирчин Саиед Моллайг Азербайжаны нэрийн өмнөөс барилдуулахыг зөвшөөрсөн байна. Мөн Монголын Жүдо Бөхийн Холбооноос үнэн болохыг нь батлан хэлжээ.

Олон улсын жүдо бөхийн холбоо(IJF)-ны шинэчилсэн дүрмийн дагуу тухайн тамирчин эх орноо өөрчилсөн тохиолдолд дэлхийн чансааны оноо нь хэвээрээ хадгалагддаг болсон. Саид Моллайгийн хувьд жүдо бөхийн -81 кг-ийн жинд 2994 оноогоор дэлхийн чансааны долоод эрэмбэлэгдэж байгаа юм.

mol1-640x137 Азербайжаны нэрийн өмнөөс барилдах Саид Моллайгийн хүсэлтийг ОУЖБХ зөвшөөрчээ

Саид Моллай 2020 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын жүдо бөхийн шигшээ багт нэгдсэн. Саид Моллай Монгол Улсын нэрийн өмнөөс “Токио-2020” зуны олимпын наадмаас мөнгөн медаль, 2021 оны Тел-Авивын их дуулгаас мөнгөн медаль, Ази-Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медалийг хүртсэн амжилт үзүүлсэн билээ.

Саид Моллай буюу Моломын Монгол Улсын иргэн болсон түүх

Ираны Засгийн газраас улс төрийн шалтгааны улмаас тамирчдаа Израилын бөхчүүдтэй барилдахыг хориглосон. Харин 2019 онд Саиед Моллай өмнөх жилийн дэлхийн аварга болсон амжилтаа батлах, хошой аварга болохын төлөө хүч сорьсон юм. Гэвч тэрбээр эхний хоёр барилдаанд өрсөлдөгчдөө хугацаанаас нь өмнө цэвэр ялав. Гуравдугаар тойрогт Риогийн олимпын аварга, ОХУ-ын Хасан Халмурзаевыг, хэсгийн аваргын төлөөх барилдаанд олимпын хүрэл, ДАШТ-ий гурван медальтай, Канадын Антуан Валуа-Фортьег цэвэр ялав.

Түүнийг хагас шигшээд барилдахын өмнө Иран улсын спортын дэд сайд Давар Зани Ираны багийн дасгалжуулагч руу утсаар холбогдон Саид Моллаеиг барилдуулахгүй байхыг үүрэгджээ. Хэрвээ ялалт байгуулвал дэлхийн аваргын төлөө Израилийн Саги Мукитай өрсөлдөх нь тодорхой байв. Хагас шигшээд ялбал гэр бүлийг нь дарамтална хэмээн сүрдүүлсэн бөгөөд Бельгийн бөх Маттис Кассетэй барилдахын өмнө Япон Улсад суух Ираны Элчин сайдын яамны төлөөлөгч Саидтай уулзан, дахин сануулжээ.

mol2-640x481 Азербайжаны нэрийн өмнөөс барилдах Саид Моллайгийн хүсэлтийг ОУЖБХ зөвшөөрчээ

Энэ үеэр түүний гэр бүлийнхэн утсаар холбогдон, гэрийнх нь гадна хүмүүс цуглан, заналхийлж буйг хэлсэн учир хүнд байдалд орсон Саид Израилын бөхтэй барилдахгүйн тулд хагас шигшээд ялагдахаас өөр сонголт байсангүй. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Гүржийн бөхөд мөн ялагдсан түүхтэй. ДАШТ-ий дараа тэр Иран руу буцалгүй Европ руу дүрвэсэн. Германд орогнож байгаад ийнхүү өөрийнхөө хүсэлтээр Монгол Улсын иргэн болсон юм. Тодруулбал, Исламын Бүгд Найрамдах Иран Улсын тамирчин Саид Моллаеи хуулийн дагуу Монгол Улсын иргэн болох хүсэлтээ Гадаадын иргэн харьяатын газарт ирүүлж, уг хүсэлтийг Засгийн газарт танилцуулж, улмаар Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлснээр Саид Моллаеид Монгол Улсын иргэншил олгох зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны арваннэгдүгээр сарын 20-нд гаргасан түүхтэй билээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.