ГАДААДЫН 12 УЛСАД 152 МОНГОЛ ИРГЭН ЯЛ ЭДЭЛЖ БАЙНА
2022-05-13 21:27

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 170 мянга орчим иргэн дэлхийн 87 улсад оршин сууж байна. Үүнээс 0-16 насны хүүхэд 20 мянга, оюутан 46 мянга байгаа аж.

Коронавируст цар тахал эхлэхээс өмнөх таван жилийн дунджаар манай улсын 1,000-1,300 иргэн гадаадад зорчих хугацаандаа хэрэг, зөрчилд холбогдон саатуулагдаж, улмаар торгууль шийтгэвэр төлөх, хорих ялаар шийтгэгдэж ирсэн байна. Харин коронавируст цар тахал эхэлснээс хойш хилийн чанадад зорчих иргэдийн тоо огцом буурсантай холбогдуулан дээрх тоо ч мөн адил багасжээ.

2021 онд 49 иргэн, 2022 оны эхний улирлын байдлаар 25 иргэн хилийн чанадад хэрэг, зөрчилд холбогджээ.

Тодруулбал өнөөдрийн байдлаар гадаадын 12 улсад 152 монгол иргэн ял эдэлж байна.

БНХАУ-д 80
БНСУ-д 25
БНТУ-д 18
ОХУ-д 15
БНКУ-д 6
Вьетнамд-3
Чехэд 3
АНУ-д 2 иргэн. Эдгээрийн дийлэнх нь хулгайлах, танхайрах, мансууруулах бодис, хориотой бараа хилээр нэвтрүүлэх гэмт хэрэгт холбогджээ.

Гадаад Харилцааны Яамны зүгээс хилийн чанадад гэмт хэргийн хохирогч болсон, гэмт хэрэг үйлдсэн, саатуулагдсан, ял эдэлж байгаа иргэддээ өмгөөлөгч олж өгөх, хуулийн зөвлөгөө өгөх, ар гэрийнхэнтэй нь холбож өгөх, эргэж тойрох, үлдсэн ялыг нь эх оронд нь эдлүүлэхээр шилжүүлэн авах зэргээр шаардлагатай туслалцаа, дэмжлэгийг тогтмол үзүүлж байна хэмээн салбарын сайд мэдээлжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.