Зүүн бүсийн аймгуудын ундны усан дахь ураны судалгаа
2022-05-23 12:00

"Усны салбарын манлайлагч” хөтөлбөрийн хүрээнд Монгол орны хэмжээнд тулгамдаад буй усны асуудлыг хөндсөн цуврал судалгаа, өгүүлэл, нийтлэлийг уншигчдад хүргэхээр зорьж буй бөгөөд энэ удаагийн нийтлэлээр хөтөлбөрийн оролцогч Ө.Ариуны судалгааны ажлын үр дүнг хүргэж байна. 


Ө.Ариун1,  О. Болормаа2, Х. Цоохүү3

                                               1 МУИС-ШУС-Байгалийн Ухааны Салбар-Химийн шинжлэх ухааны магистр

                                               2МУИС-ШУС-БУС-Химийн тэнхимийн профессор

                                               3-Шинжлэх Ухааны доктор


Ундны усны цацраг идэвх, гидрохимийн судалгаа нь хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй байгаль орчны асуудалтай шууд холбоотойгоос гадна шинжлэх ухааны чухал ач холбогдолтой байдаг. Усан дахь байгалийн цацраг идэвхт элементүүдийн судалгаа сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудад эрчимтэй явагдаж байна. Усны цацраг идэвхт элементүүд голчлон радон, уран, висмут, цацраг идэвхт хар тугалга, радий зэрэг болно. Эдгээрээс хүний эрүүл мэндэд цацрагийн болон химийн хоруу чанараараа илүү хортой нь радон, уран хоёр юм. Хүний биед орж байгаа цацраг идэвхт ураны 15% нь хоол хүнс, амьсгалаар дамждаг бол 85% нь ундны усаар дамждаг гэсэн судалгаа байдаг (Singh et al., 2014).

Анх 2011-2021 онд АНУ-ын эрдэмтэн Ж.Нирагу болон Монгол улсын эрдэмтэд хамтран  Улаанбаатар болон Дорноговь аймгийн ундны усан дахь уран болон зарим хүнд элементүүдийг тодорхойлсон судалгааг хийсэн. Энэхүү судалгаанд Улаанбаатар хотын 129 дээжийн ураны дундаж утга 4.6 мкг/л ба нийт дээжийн ураны агуулга 0.01-57 мкг/л,  Дорноговь аймгийн 202 дээжийн усан дахь ураны агуулга 0.24-429 мкг/л хооронд байсан ба дундаж агуулга 36.2 мкг/л хүртэл агуулгатай учраас хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байна (Nriagu & Unurtsetseg, 2012). Учир нь ДЭМБ-ын зөвлөмж болон МУ-ын ундны усны стандарт (MNS 0900-2018)-д   1 литр ундны усанд агуулагдах ураны зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь 0.03 мг (30 мкг/л) байдаг.

Тиймээс 2013 оноос хойш МУИС-ийн багш профессор Х.Цоохүү, О.Болормаа нараар удирдуулсан судлаачдын баг Монгол орны ундны усны уран тодорхойлох ажлыг үе шаттайгаар явуулж Улаанбаатар хот, бүх аймаг сумдын төвийн ундны усанд уран хэр агуулгатай байгааг тодорхойлох зорилготой ажиллаж эхэлсэн. Судалгааны ажлын онцлог нь усан дахь уран болон хүнд элементүүдийг тодорхойлж түүний гидрохимийн судалгааг явуулсан.

Энэхүү судалгааны ажлын хүрээнд 2017-2018 онд ураны орд илэрцүүдийн бүс нутаг болох Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр, Дорноговь аймгуудын 197 гүний худгуудын дээжийн усан дахь ураны агуулгыг тодорхойлж,  ураны орд газар, гидрохимийн үзүүлэлтүүдтэй холбон тайлбарласан бөгөөд уг судалгааны үр дүнгээс хэсэгчлэн хуваалцаж байна.

Монгол орны нутаг дэвсгэрт тархсан ураны орд илэрцүүдийн бүс нутаг нь ихэвчлэн тус орны дорнод, зүүн өмнөд нутгаар тохиолдоно. Тухайлбал; Дорнод аймгийн Гурван загал, Баяндун, Дашбалбар сумын нутгийн Гурван булаг, Мардай, Дорнот, Нэмэрийн орд, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Дулаан-уул, Зүүнбаян багийн Зөөгч овоо ордуудыг нэрлэж болно. Эдгээр орд газрын ойролцоох хүн ам ихэвчлэн гүний усыг ундны ус болгон ашигладаг нь ураны орд, илэрц бүхий бүс нутгийн ард, иргэдийн ундны усан дахь ураны агуулга анхаарал татахуйц асуудал болж байна.

Нийт худгийн дээжийг ураны агуулгаар нь 4 хэсэг болгон ангилж, аймаг тус бүрээр газарзүйн зураглал гаргасан. Үүнд: 1. 0-14.9 мкг/л 2. 15-29.9 мкг/л  3. 30-100.9 мкг/л  4. >101 мкг/л гэж ангилсан болно.

зураг

 

Зураг 1. Говьсүмбэр аймгийн усан дахь ураны агуулгын ангилал

 

Говьсүмбэр аймаг: Зураг 1-ээс харахад, Говьсүмбэр аймгийн 3 сумын усан дахь ураны дундаж агуулга 15 мкг/л-ээс 100.9 мкг/л ангилалд хамаарагдаж байна. Сүмбэр, Шивээговь сумын ундны усны ураны агуулга 30мкг/л-ээс хэтэрсэн хэмжээтэй байгаа нь Чойрын хотгорт байршсан Хараатын ураны орд газартай холбоотой гэж үзлээ. Мөн Шивээ-Овоогийн нүүрсний орд газар Чойр өртөөнөөс урагш 20 км-т оршино. Хүрэн нүүрс бол уран тээгч ашигт малтмалуудын нэг юм.

зураг

 

Зураг 2. Дорноговь аймгийн усан дахь ураны агуулгын ангилал

 

Дорноговь аймаг: Алтанширээ, Хөвсгөл, Хатанбулаг, Айраг, Өргөн, Эрдэнэ, Замын-Үүд, Сайншанд сумдын худгуудын усны ураны агуулга 31 мкг/л-ээс 347 мкг/л-ийн хооронд байгаа нь Говь-Тамсагийн уран агуулсан их мужид багтах Сайншандын сав газартай зүй ёсоор холбогдоно. Тухайлбал, Сайншанд хотын зүүн талд 20 км-т Нарстын ураны илэрц оршино. Түүнчлэн Өргөн, Айраг, Эрдэнэ, Даланжаргалан сумдын усанд ураны агуулга харьцангуй их байгаа нь ураны өндөр агуулга бүхий Хойд Сайншандын потенциал сав газартай холбоотой гэж үзэж байна.

зураг

 

Зураг 3. Дорнод аймгийн усан дахь ураны агуулгын ангилал

 

Дорнод аймаг: Тус аймаг нь бүхэлдээ ОХУ-ын эрдэмтэн Ю.Б.Мироновын гаргасан Монгол орны уран агуулсан их муж, сав газрын зураглалаас Монгол Аргуны уран агуулсан их мужид харьяалагдана.

Мардай, Гурванбулаг, Дорнодын ураны орд газрууд нь Гурванзагал, Баяндун, Дашбалбар сумдын нутгийг хамран орших ба ураны агуулга 1 мкг/л-ээс 11 мкг/л-ийн хооронд байгаа нь харьцангуй бага утга юм. Нэг сумын худгуудын усны ураны агуулга хоорондоо хол зөрүүтэй байх тохиолдол хэд хэдэн удаа тохиолдсон.

зураг

 

Зураг 4. Сүхбаатар аймгийн усан дахь ураны агуулгын ангилал

 

Сүхбаатар аймаг: Сүхбаатар аймгийн Мөнххаан, Эрдэнэцагаан, Онгон, Халзан сум, Баруун-Урт хот, Асгат, Сүхбаатар сумдын  худгуудын усны ураны агуулга 46 мкг/л-ээс 220 мкг/л-ийн хооронд байгаа нь Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрийн ихэнх нь Монгол Аргун уран агуулсан их мужийн Зүүн говийн ураны хүдрийн потенциал дүүрэгт хамаарч байна. 

зураг

 

Зураг 5. Хэнтий аймгийн усан дахь ураны агуулгын ангилал

 

Хэнтий аймаг: Зураг  5-аас харахад, Хэнтий аймгийн усны ураны агуулгын газарзүйн байршлын хувьд ямар үзүүлэлттэй байгааг харж болно. Тус аймгийн урд талын сумд болох Галшар, Дархан, Баянмөнх, Жаргалтхааны ундны усны ураны агуулга харьцангуй их байна. 
Галшар,  Бор-Өндөр сумын усны ураны агуулга нь Монгол Аргуны уран агуулсан их мужийн Дорноговийн сав газар,  Мөрөн, Жаргалтхаан сум, Чингис хот нь Бэрхийн сав газарт багтаж байна.
Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адарга, Дадал, Норовлин сумд ойт хээрийн бүсэд орно. Эдгээр сумдын ундны усны уран 14 мкг/л-ээс бага агуулгатай байгааг харж болно. Усанд уран илрэх нөхцөл нь газарзүйн онцлог, уур амьсгалаас хамааралтай байгаа нь харагдлаа.

Судалгаанд хамрагдсан  нийт дээжийн 26%-г МУ-ын ундны усны стандарт (MNS 0900-2018)-ын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн ураны агуулгатай худгууд эзэлж байсан. Эдгээр худгуудын ихэнх нь ураны орд, илэрц бүхий нутаг дэвсгэрт оршиж байна.

Усан дахь ураны агуулга ихтэй худгууд нь хүн амын ундны усандаа хэрэглэдэг худгууд ба үүний дотор Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн худаг багтаж байна. Тиймээс хүний эрүүл мэндэд нөлөөлөх хоруу чанарыг бууруулах, арилгахын тулд усан дахь ураны агуулга өндөртэй худгуудыг хаах, шүүлтүүр суурилуулах арга хэмжээг зохион байгуулах нь зүйтэй юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.