Хүүхдийн зуслангуудын хуваарь, үнэ тариф
2022-06-11 13:24

Хүүхдүүдээ хаана, ямар зусланд амраах вэ? – updown.mn

Улсын хэмжээнд 56 зуслан бүртгэлтэй байдаг. Цар тахлаас шалтгаалж сүүлийн хоёр жил хүүхдийн зуслангууд ажиллаагүй. Харин энэ зунаас зуслангууд хэвийн ажиллаж эхлэх юм. Тодруулбал, нийслэлд 33, орон нутагт 23 зуслан ээлжийн бүртгэлээ эхлүүлээд байна. 2022 оны зуслангийн эхний ээлж Найрамдал төвийнх бөгөөд ирэх сарын 3-нд хүүхдүүдээ хүлээж авах юм. Ингээд эрэлттэй зуслангийн бүртгэл, мэдээлэл авах дугаар, хүүхдээ зусланд явуулахад юуг анхаарах талаар мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

НАЙРАМДАЛ ЗУСЛАН ГУРАВДУГААР ЭЭЛЖИЙН БҮРТГЭЛЭЭ ЭХЭЛЖЭЭ

Найрамдал зуслангийн тухайд ирэх сарын 3-наас эхлэн хүүхдүүдээ хүлээн авч эхлэнэ. Тус төвийн бүртгэлийн нэг, хоёрдугаар ээлж дүүрч хаагдсан байна. Харин одоо гуравдугаар ээлжийн бүртгэл явагдаж байгаа юм. Найрамдал төвд амрах хүүхдүүдэд хүргэх зөвлөмж. Үүнд:

  • Хэвлэж авсан QR код бүхий эрхийн бичиг, эрүүл мэндийн хуудсаа хаяж гээгдүүлэхгүй байх
  • Бусдыг хүндэтгэн, итгэл үнэмшил, гарал үүслээр нь ялгалгүй эвтэй харьцах, эерэг уур амьсгалыг эрхэмлэх
  • Зуслангийн хөтөлбөр, үйл ажиллагаанд цагаа баримтлан идэвхи, санаачлагатай оролцох
  • Цогцолборын эд зүйлс болон байгальдаа хайр гамтай хандах
  • Аливаа осол гэмтлээс өөрийгөө урьдчилан сэргийлэх
  • Өөрийн нэр дээр бүртгүүлсэн эрхийн бичгийг бусдад дамжуулахгүй байхыг анхааруулжээ.

Мөн зусланд явах хүүхдүүд заавал эрүүл мэндийн үзлэг, шинжилгээг тухайн ээлж эхлэхээс өмнөх долоо хоногт ЭХЭМҮТ-ийн дэргэдэх Хүүхдийн эмнэлэгийн эрүүл мэндийг дэмжих төвд 08:30-16:40 цагийн хооронд өгөх хэрэгтэй аж. Дэлгэрэнгүй мэдээллийг www.nairamdal.mn сайтад хандах авах боломжтой. Ээлжийн тухайд:

  • 1-р ээлж: VI/3-VI/8
  • 2-р ээлж: VI/9-VI/16
  • 3-р ээлж: VI/17-VI/24
  • 4-р ээлж: VI/26-VII/3
  • 5-р ээлж: VII/15-VII/25
  • 6-р ээлж: VII/25-VIII/1
  • 7-р ээлж: VIII/2-VIII/12
  • 8-р ээлж: VIII/12-VIII19

"НАРС" ЗУСЛАН 6-18 НАСНЫХАНД НЭЭЛТТЭЙ

Нарс зуслангийн 2022 оны ээлжийн хуваарийг танилцуулж байна. Тус зусланд 6-18 насныхан амрах боломжтой бөгөөд https://narscamp.mn/ сайтад хандаж бүртгэлээ баталгаажуулах юм. Энэ жил зуслангийн үйл ажиллагаа буцаж сэргэж байгаа учраас ээлж болгон насны ангилал гаргаагүй байна. Тиймээс хүүхдүүд сонирхсон ээлждээ хамрагдах боломжтой аж. Нарс зуслангийн нэгдүгээр ээлж зургадугаар сарын 11-18-нд эхэлж, 18-25-нд хоёрдугаар ээлжийн хүүхдүүдийг хүлээж авах юм байна. Төлбөрийн хувьд бага, дунд анги 350 мянган төгрөг бол ахлах анги 385 мянган төгрөг. Тус зусланд хамрагдах хүүхдүүдэд өгөх зөвлөмж:

  • Бүртгэлээ цахимаар эсвэл биечлэн хийх
  • Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдах
  • Насны бүлэг харгалзахгүй явах учир ээлжээ сайтар ярилцаж сонгох
  • Хувийн бэлтгэлээ хангах

Төлбөрөө 100 хувьтөлөх зэрэг шаардлагатай байна. Ээлжийн хуваарь:

  • 1-р ээлж: VI/11-VI/18
  • 2-р ээлж: VI/18- I/25
  • 3-р ээлж: VI/25-VII/02
  • 4-р ээлж: VII/02-VII/09
  • 5-р ээлж: VII/18-VII/25
  • 6-р ээлж: VII/25-VIII/01
  • 7-р ээлж: VIII/01-VIII/08
  • 8-р ээлж: VIII/08- VIII/15
  • 9-р ээлж: VIII/15- VIII/20

"НАРЛАГ" ЗУСЛАНГИЙН ДОЛОО ХОНОГИЙН ТӨЛБӨР 330 МЯНГАН ТӨГРӨГ

Харин Нарлаг зуслангийн хувьд эхний ээлж нь зургадугаар сарын 18-нд эхлэх. Тус зуслангийн долоо хоногийн төлбөр 310-330 мянган төгрөг. Бүртгүүлэх хүүхдүүд “Нарлаг зуслан” цахим хуудаст хандаж мэдээлэл авах боломжтой. Мөн Жавхлант хүүхдийн зуслан 2022 оны зуны ээлждээ элсэлтүүдээ авч эхэлсэн байна. Жавхлант хүүхдийн зуслангийн хувьд гэр бүлээр, хоногоор амрах боломжтой аж. Ээлжийн хувьд:

  • 1-р ээлж: VI/18-VI/25
  • 2-р ээлж: VI/25-VII/02
  • 3-р ээлж: VII/02- VII/09
  • 4-р ээлж: VII/09- VII/16
  • 5-р ээлж: VII/16- VII/23
  • 6-р ээлж: VII/23- VII/30
  • 7-р ээлж: VII/30-VIII/06
  • 8-р ээлж: VIII/06- VIII/13
  • 9-р ээлж: VIII/13- VIII/20

Нийслэлийн Засаг даргын захирамжаар жил бүр хүүхдийн зуслангуудад зуслангийн ерөнхий шаардлага, Монгол Улсын стандартын хэрэгжилтэд хяналт үнэлгээ хийх ажлын хэсгийг томилж ажиллуулдаг. Ажлын хэсэг хяналт үнэлгээг шалгуур үзүүлэлтийн дагуу үйл ажиллагааны явцад хоёр удаа шалгалт хийдэг байна. Үүний дараагаар дээрх 56 зуслан энэ жил үйл ажиллагаа явуулах эрхтэй болжээ. Дээрх зуслангуудаас гадна нийслэлд Мөрөөдөл, Ундраа, Галакси, Сансар, Янзага, Маргаашийн хөгжил, Өгөөмөр, Тэмүүлэл, Цагаан нуга, Мөрөөдөл, Цоглог, Чухаг, Хайрын билэг, Од, Шонхор, Хараацай зэрэг зуслан ажиллах юм байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.