Дотоодын агаарын тээвэрлэгчдэд бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл олгоно
2022-06-22 15:35

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулиар хуваарьт нислэг гүйцэтгэж буй дотоодын агаарын тээвэрлэгчдийн энэ оны нэгдүгээр сарын нэгнээс 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хамаарах агаарын навигацийн үйлчилгээний хураамжийг улсын төсөвт төвлөрүүлэхээр баталсан билээ.

Мэдээ.МН

Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас навигацийн үйлчилгээний орлогод нөлөөлөхгүй байхаар зохицуулалт хийсэн ба  чөлөөлөх, цаашид навигацийн үйлчилгээний орлогоос татаас олгох тогтолцоо бүрдүүлж, хэрэгжүүлэхээр болов. Энэ үүрэг даалгаврыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Сангийн сайд Б.Жавхлан, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан нарт хүлээлгэсэн байна.

Ингэснээр олон улсын шинэ чиглэл нээх, жуулчин тээврийн нислэгийг нэмэгдүүлэх, орон нутгийн нислэгийг сэргээхэд нэн чухал дэмжлэг болох аж. Мөн нислэгийн тийзний үнэ буурах, жуулчны урсгал нэмэгдэхэд эергээр нөлөөлнө гэж үзэж байна.


Хуваарьт нислэг гүйцэтгэж буй дотоодын агаарын тээвэрлэгчдийн (МИАТ ТӨХК, “Аэромонголиа” ХХК, Хүннү Эйр ХХК, Изинис Эйрвэйс ХХК) үйл ажиллагааг тогтворжуулахад хэрэгцээтэй 145 тэрбум төгрөгийн бага хүүтэй, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд олгохоор шийдвэрлэжээ. Түүнчлэн нэмэлт нэг их наяд төгрөгийн зээл олголтын гүйцэтгэлтэй уялдуулан, батлагдсан хүүгийн татаасын хэмжээнд багтаан шийдвэрлэх юм байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.