Баяр наадмын галын сорилго барилдаанууд эхэлжээ
2022-06-23 12:00

Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадам болоход 18 хоног үлдээд байгаа энэ мөчид наадамдаа зодоглох хүчит бөхчүүд өөрсдийн харьяа бөхийн галууддаа гарч бэлтгэлээ базааж байгаа билээ.

Наадмын ногоон дэвжээнд хүчээ сорих бөхчүүдийн өнгийг тодорхойлдог галуудын сорилго барилдаан ч эхнээсээ явагдаж бөхчүүдийнхээ өнгийг тодруулж эхэлжээ.

“Сүүж” ууланд Ховд дэвжээний бөхчүүд уламжлал ёсоороо бэлтгэлдээ гарсан бөгөөд мягмар гарагт аймгийн цолтнуудын сорилго барилдаан болоход Эрдэнэбүрэн сумын аймгийн заан Ц.Заяатүшиг түрүүлж, Булган сумын харьяат аймгийн харцага Б.Анхжаргал үзүүрлэсэн байна.

Төв аймгийн “Дүнжингарав дэвжээ”-ний 6 дугаар сарын 18-нд болсон сорилго барилдаанд Заамар сумын харьяат аймгийн харцага Л.Даваажамц түрүүлж, улсын заан Б.Батмөнх үзүүрлэжээ.

Завхан аймгийн Даян дэвжээний бөхчүүд ЦЕГ-ын харьяа "Сүүж" амралтын газар баяр наадмын бэлтгэлээ базааж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногт сорилго барилдаан болсон байна. Тус сорилгод улсын харцага Т.Бэгзсүрэн, Ш.Пүрэвгарьд, улсын начин Б.Чимэдвандан, Б.Серик, Т.Дүгэрдорж, аймгийн арслан Д.Батбаатар, Ч.Мөнхтогтох, цэргийн заан О.Батжаргал, аймгийн заан А.Нармандах тэргүүтэй 48 бөх хүч үзсэнээс цэргийн хурц арслан М.Лхагвагэрэл түрүүлж, улсын харцага Ш.Уламбаяр үзүүрлэсэн.

Харин "Төр хурх" амралтад улсын арслан Х.Мөнхбаатар, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, улсын начин Б.Даваа-Очир, улсын начин А.Давааням, улсын начин Ц.Сандагдорж, аймгийн арслан Л.Нямбаяр, аймгийн арслан Э.Баасанжав тэргүүтэй “Хөвсгөлийн хүчтэнүүд” дэвжээний гаалд 30-аад бөх бэлтгэлээ базааж байна.

Увс аймгийн бөхчүүд Харзтайд бэлтгэлд гарсан бол Даян аварга Г.Өсөхбаяраар ахлуулсан Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээний бөхчүүд нутагтаа бэлтгэлээ базааж байгаа юм байна.

Булган аймгийн “Булган Хан” дэвжээний бөхийн гал нутагтаа, Өвөрхангай аймгийн бөхчүүд мөн нутагтаа бэлтгэлээ базааж байгаа аж.

Аймгийн хурц арслан Ё.Эрдэнэжаргал, Б.Баатархүү нараар ахлуулсан Дорноговь аймгийн "Хутагтын хүчтэн" дэвжээний бөхчүүд энэ сарын 20-нд Өвөр Зайсан /Бугын САА-д/ бэлтгэлдээ гарсан байна. Мөн "Хан Хэнтийн аварга" дэвжээний галын бөхчүүд Сонгинохайрхан амралт цогцолборт наадмын бэлтгэлээ базааж байгаа аж.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.