“Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, бүртгэх, тусгай зөвшөөрөл олгох тухай журам”-ыг шинэчлэн баталлаа
2022-06-23 13:20

Санхүүгийн зохицуулах хорооны 12 дугаар ээлжит хуралдаанаар “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, бүртгэх, тусгай зөвшөөрөл олгох тухай журам”-ыг  шинэчлэн баталлаа. Санхүүгийн зохицуулах хороо мэдэгдэл гаргалаа

УИХ-аас Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийг 2010 онд баталснаар дотоодын хөрөнгийн зах зээлд санхүүгийн зуучлагч байгууллагууд зээл болон бусад мөнгөн урсгал бий болгох боломжтой санхүүгийн хэрэгсэлд суурилсан буюу хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг гаргах, татан төвлөрүүлсэн хөрөнгөөр дахин үнэт цаасжуулах замаар шаардлагатай төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх эрх зүйн суурь орчин бүрдсэн. Санхүүгийн зохицуулах хорооноос энэ хуулийн хэрэгжилтийг хангуулахаар буюу хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой нарийвчилсан харилцааг зохицуулсан “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, бүртгэх, тусгай зөвшөөрөл олгох тухай журам”-ыг 2011 онд  батлан мөрдүүлж байсан. 

Харин одоо хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдал, олон улсын санхүүгийн зах зээлд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны зохицуулалтад гарч буй өөрчлөлт зэргээс үүдэж хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг олон нийтэд санал болгох, арилжаа эрхлэх байгууллагын бүртгэлд бүртгүүлэх, анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэхтэй холбоотой зохицуулалтыг бий болгох шаардлага тулгарсан. Цаашилбал үнэт цаас гаргагчийн засаглал, мэдээлэл тайлагналын ил тод байдлыг бэхжүүлэх, үнэт цаас гаргагчид тавигдах нөхцөл, шаардлагыг шинэчилж, зохицуулалтын орчныг боловсронгуй болгох зорилгоор дээрх журмыг олон улсын жишигт нийцүүлж, зах зээлийн оролцогчдын саналыг тусган шинэчлэн боловсруулсныг ээлжит хуралдаанаар ийнхүү баталлаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.