“Хаврын бүргэдийн баяр” нийслэлд болно
2018-02-23 14:01

Монгол Улсын аялал жуулчлалын хамгийн сонирхолтой арга хэмжээний нэг болох бүргэдийн баярыг 2000 оноос эхлэн зохион байгуулсаар иржээ. Тус арга хэмжээний гол зорилго Монгол Улсын Үндэстний цөөнх болсон Казах түмний бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, дотоод болон гадаадын жуулчдад сурталчилж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоход чиглэгдсэн.

Бүргэдээр ан хийх уламжлалыг төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалагдаж ирсэн гэж үздэг бөгөөд энэхүү уламжлалыг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол Монгол Улс юм. Тиймээс баялаг түүхтэй энэ арга хэмжээг дэлхий дахинд сурталчилж, Монгол Улсыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Бүргэдийн баяр” арга хэмжээг жилд хоёр удаа зохион байгуулдаг. Жил бүрийн хавар гуравдугаар сарын 4-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод, намар Баян-Өлгий аймагт аравдугаар сарын эхний 7 долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулдаг.

Энэ жил нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо болон “Монголын бүргэдчид холбоо” хамтран “Хаврын бүргэдийн баяр” арга хэмжээг ирэх сарын 4-5-ны өдрүүдэд “Чингис Хааны Хүрээ” жуулчны баазад зохион байгуулах гэж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.