Шинэ нисэх буудлын төсөлд хамтран ажилласан хүмүүсийг шагналаа
2018-02-27 13:30

Одоогоос 9-н жилийн өмнө Шинэ нисэх буудлын төсөл албан ёсоор эхэлж монголчууд дэлхийн стандартад нийцсэн, орчин үеийн тохилог үйлчилгээ бүхий уг төслийг битүүхэндээ  хүлээж эхэлсэн. Тэгвэл төслийн ажил дуусах шатандаа орж энэ оны 4 дүгээр улиралд ашиглалтад орох гэж байна.

Хуучин “Чингис хаан” нисэх буудлаас дөрөв дахин их, жилд 1.7 сая зорчигч хүлээн авч, 18100 нислэгт үйлчлэх хүчин чадал бүхий уг төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлж хамтран ажилласан  “Самсунг Си энд Ти” корпораци,  “Азуса Сэккэй Ориентал Консалтанс Глобал” түншлэлийн нэр бүхий хүмүүсийг Монгол улсын төрийн дээд шагнал “Найрамдал медаль”-иар шагналаа.

Найрамдал медалиар “Самсунг Си энд Ти” корпорацийн төслийн захирал Ха Сынг Юнг, тус корпорацийн төслийн зам гүүрийн асуудал хариуцсан менежер Пак Дон Ин, “Азуса Сэккэй Ориентал Консалтанс Глобал” түншлэлийн ерөнхий архитехтор Харагүчи Осаму, менежер Маэда Кимихиро, менежер ЖонТеггарт нарыг шагнасныг Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ гардууллаа.

Ж.Бат-Эрдэнэ сайд дээрх нэр бүхий хүмүүст шагнал гардуулж хэлсэн үгэндээ “миний бие Төрийн нарийн бичгийн дарга байх үедээ 2009 онд Шинэ нисэх онгоцны буудлын төслийг эхлүүлж байсан бол өнөөдөр сайдаар ажиллаж байх үед төсөл дуусах шатандаа орж, удахгүй ашиглалтад орох гэж байна. Энэ төсөл монголчуудын хувьд зам тээвэр, агаарын тээвэр, аялал жуулчлал, эдийн засгийн салбарт шинэчлэлийг авчирсан, үнэтэй хувь нэмэр оруулах төсөл юм. Энэ том бүтээн байгуулалтад хамтран ажиллаж зөвлөх үйлчилгээ үзүүлсэн та бүхэнд монголчуудынхаа нэрийн өмнөөс болон салбарын сайдын зүгээс баярласнаа илэрхийлж, шагнал гардуулж байгаадаа баяртай байна. Манай төслийн багийнхан та бүхнээс их зүйл суралцаж, арвин туршлагатай баг хамт олон боллоо. Цаашдаа олон сайхан бүтээн байгуулалт, төслүүдэд бид хамтран ажиллахад бэлэн байна” хэмээгээд  шагнал гардаж буй эрхмүүд болон Шинэ нисэх буудлын төсөлд хамтран ажилласан нийт бүрэлдэхүүнд баяр хүргэж амжилт хүслээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.