Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болоод 100 хоногт юу амжуулав?
2021-05-03 15:59

Л.Оюунэрдэнэ: Энэ жил 5,000 залуусыг сургаж, ажилтай, орлоготой болоход нь  дэмжлэг үзүүлнэ | DAAM.MN

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдынхаа ажлыг аваад танхимын сайд нараа томлуулангуутаа дөрвөн зорилт танилцуулсаны хамгийн эхнийх нь ковид-19 цар тахлын энэ үед иргэдээ вакцинжуулах байв. Эргэн сануулахад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хүн амаа вакцинжуулах нь бидний нэн тэргүүний зорилт. Цар тахлын голомтод ажиллаж буй ажилтан, албан хаагчид, эрсдэлтэй бүлгийнхэн, цаашлаад нийт иргэдээ ДЭМБ-ын зөвшөөрсөн вакцинд үе шаттай хамруулах ажлыг Засгийн газар эхний 100 хоногт багтаан зохион байгуулахын тулд бүх нөөц боломжоо дайчлан ажиллана" хэмээн хэлж байлаа. Тэгвэл өнгөрсөн сарын 29 буюу Засгийн газар ажлаа авснаас хойш 100 хоногтоо Монгол Улс  вакцинжуулалтаараа Азид тэргүүлж эхэлснийг "Our World in Data"-д зарласан юм.

Хэдийгээр бид дотооддоо халдвар алдаж 100 гаад иргэнээ алдсан ч энэхүү цар тахлыг давж гарах арга бол яах аргагүй хөл хорио болон  вакцинжуулалт юм.  Цар тахлыг улам газар авахуулж, илүү өргөн тараахгүй байхын тулд хөл хорио тогтоож, хатуу хөл хорионы үр дүнд халдварын тархалтыг хумих боломжтойг дотоод гадаадын эрдэмтэд хэлсээр байна. Иймээс ч Монгол улс хөл хорионы дэглэмээ сунгаж, иргэдийнхээ эрүүл мэндийг тэргүүн эгнээнд тавьж, энэ хооронд вакцинжуулалтаа ч анхаарч ажиллаж ирэв. Үр дүнд нь 450,000 иргэд вакциныхаа 1,2-р тунд бүрэн хамрагдаад байна.  Гэтэл дэлхийн маш олон улс оронд вакцины олдоц хэцүүхэн байгаа бөгөөд вакцин олж авах гэсэн тэмцэл өрнөж байна.  Харин манай улсын Засгийн газар вакцин авчирах асуудалд маш нухацтай хандаж Энэтхэг, Орос, Хятад, Солонгост үйлдвэрлэсэн нийт 8.8 сая тун вакциныг худалдан авах гэрээ байгуулжээ. Гэтэл хөл хорионы эхэн үед вакцин нийлүүлэлт саатаж, иргэд вакцинынхаа 1,2 дугаар тунг нэхээд сүйд болов. 

Энэ бүхний эцэст Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө вакцин үйлдвэрлэгч улсуудын Ерөнхий сайд нартай холбогдож, Монголд суугаа Элчин сайд нартай нь биечлэн болоод цахимаар уулзаж вакцины нийлүүлэлтийг саатахгүй байх боломжийн тухай яриа хөөрөө өрнүүлж эхэлсэн байна. 

Ингэж яриа хөөрөө хийсний үр дүнд 10-аад хоногийн өмнө 950 мянган тун вакциныг татан авч чаджээ. Мөн энэ сарын нэгэнд л гэхэд  350 гаруй мянган тун вакцин манай улсад ирсэн. Ингэж яриа хөөрөө хийсний үр дүнд вакцинаа аваад байхад вакцинжуулалтын цэгүүд нь бараг хоосон шахуу, эмч эмнэлгийн ажилтан, яам, засаг нь иргэдээ вакцин хийлгэхийг уриалж, урьж залж эхэллээ.  Ингэж вакциндаа хамрагдахыг төрөөрөө гуйлгаад, вакциндаа хамрагдахад хойрго хандаад байгаа хүн дэлхийн аль ч улсад байхгүй. Ямар ч байсан вакцинжуулалт өдөр бүр тодорхой цэгүүдэд үргэлжилж байгаа бөгөөд энэ сарын 2 ноос эхлээд орон нутагт вакцинжуулалт хийх явуулын цуваа хөдөллөө. 

 Г.БАТМӨНХ 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)