ЗГ: 10 ИХ НАЯДЫН ЦОГЦ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР ТАНИЛЦУУЛЛАА
2021-07-29 09:12

10 их наядын цогц төлөвлөгөө…

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны долдугаар сарын 28-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар Сангийн сайд Б.Жавхлан гишүүдэд танилцууллаа. Тус төлөвлөгөөний нийт гүйцэтгэл 32,6, 2021 оны гүйцэтгэл 53.1 хувьтай байна. Нийт 210,267 ажлын байр хадгалж үлджээ. Ажлын байрыг дэмжих 2 их наядын зээлийн хүрээнд 22.9 мянган зээлдэгчдэд 1,7 их наяд төгрөгийн зээл олгож, 86,5 хувийн гүйцэтгэлтэй байна.

·  Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгыг зориулалтын дагуу Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт шилжүүллээ.
·      2021 оны тавдугаар сарын 27-нд цахим хэлбэрээр зохион байгуулагдсан Монгол, Канадын Дугуй ширээний уулзалтын дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд бөгөөд Дугуй ширээний уулзалтын Монголын хэсгийн дарга Б.Жавхланд даалгалаа.
·      “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2020 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын Ерөнхий хэлэлцээр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх “Шүүхийн шинжилгээний байгууллагын хүчин чадлыг сайжруулах төсөл”, “Байгаль орчны шинжилгээний төвийн лабораторийн чадавхыг сайжруулах төсөл”-ийн тусгайлсан Зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Б.Жавхланд олгов.
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.