АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН ҮНЭ 33.6 ХУВИАР НЭМЭГДСЭН БАЙНА
2021-09-02 10:11

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл, борлуулалт буурчээ

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс (2015=100) энэ оны 7 дугаар сард урьдчилсан гүйцэтгэлээр 166.5 болж, үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс 33.6, өмнөх сарынхаас 1.8 хувиар нэмэгдлээ. 

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ 7 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 33.6 хувиар нэмэгдэхэд уул уурхай, олборлолтын дэд салбарын үйлдвэрлэгчийн үнэ 41.7 хувиар (чулуун, хүрэн нүүрс олборлолтын үнэ 8.2, газрын тос, байгалийн хий олборлолтын үнэ 85.8, металлын хүдэр олборлолтын үнэ 34.9, бусад ашигт малтмал олборлолтын үнэ 14.3 хувь) нэмэгдсэнээс шалтгаалжээ. Мөн, ийнхүү өсөхөд уул уурхай, олборлолтын салбарын үйлдвэрлэгчийн үнэ 32.4, боловсруулах үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ 0.9, цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбарын үйлдвэрлэгчийн үнэ 0.3 нэгжээр нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. 

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ 7 дугаар сард өмнөх сарынхаас 1.8 хувиар нэмэгдэхэд уул уурхай, олборлолтын дэд салбарын үйлдвэрлэгчийн үнэ 1.9 хувиар (чулуун, хүрэн нүүрс олборлолтын үнэ 3.5, металлын хүдэр олборлолтынх 3.2, бусад ашигт малтмал олборлолтын үнэ 1.1 хувь) нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.