ИРЭХ ОНООС ИРГЭД ХОГ, ЦАХИЛГААН, ДУЛААНЫ ТӨЛБӨРӨӨ ТӨЛНӨ
2021-09-15 15:00

Шинэ Засгийн газрын Сангийн сайдаар Б.Жавхлан гишүүний нэр яригдаж эхэлжээ  - Check.mn

Засгийн газрын өнөөдрийн /2021.09.15/ хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад нээлттэй ил тод бодлого явуулахаа зарласан.  Энэ хүрээнд Засгийн газрын хуралдаанаар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалсан ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахлах бол ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонго нар багтжээ.  Мөн хуралдаанд  2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн тухай хууль, дагалдах хуулийн төслүүдийн танилцуулга хийсэн байна. 

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-2022 онд эдийн засаг сэргэлт үргэлжилнэ гэх төсөөлөл байна. Ирэх оны төсөв Covid-19 халдварын  дараах үеийн эдийн засгийн сорилттой холбоотой. Өдөр тутам тодорхойгүй асуудал дагуулж байна. Эдийн засгийн уналт энэ оны сүүлийн хагаст ирж, 2022 онд эдийн засгийн сэргэлт ирнэ гэсэн төсөөллөөр төсвөө хийлээ. Төсвийн шинэчлэл цаашид үргэлжилнэ. Хамгийн эхэнд эдийн засгаа сэргээх нь  чухал.

Хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, төсвийн урсгал зардлыг багасгах, дэд бүтцийн салбаруудаар дамжуулж  бизнесийн салбарын хөгжлийг дэмжих хэлбэр рүү шилжинэ. Төсвийн урсгал зардал бүр төвийн үйлчилгээг санхүүжүүлнэ.  Өнгөрсөн дөрвөн жил утаатай тэмцсэн бол энэ дөрвөн жил түгжрэлтэй тэмцэнэ. Төсвийн байгууллагуудын бүтцийн өөрчлөлт үргэлжилнэ. Тухайлбал, энэ жил эрүүл мэндийн салбарт үр дүн, чанар, гүйцэтгэлд суурилсан санхүүжилт рүү шилжсэн. Ирэх онд боловсрол, соёл урлаг, нийгмийн халамжийн салбарт дээрх жишгээр явна. 198 мянган төрийн албан хаагч байна. Энэ тоог өсгөхгүйн тулд хувийн хэвшлээр төрийн зарим ажил үйлчилгээг гүйцэтгүүлэн, хувийн хэвшлээ дэмжих, төрийн албыг цомхон болгохоор төлөвлөж байна.  

Ирэх онд зэс, нүүрс, алтны үнэ өндөр айх тул экспортыг тултал хийх хүсэлтэй байгаа ч биднээс шалтгаалахгүйгээр экспорт саатах эрсдэл бий. Энэ онд 16 тонн нүүрс худалдах төлөвтэй байна. Төмрийн хүдэр, зэсийг төмөр замаар тээвэрлэх буй тул хэвийн үргэлжилж байна. Ирэх онд төсвийн алдагдал тав орчим хувь байна. 2023 онд гурван хувь болж буурна. Хөрөнгө оруулалтын үр өгөөжийг өсгөхөд онцгой анхаарна.       

Хог, дулаан, цахилгааны үнийн хөнгөлөлтийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс үзүүлэхгүй. Хүүхдийн мөнгийг ирэх оны эхний зургаан сард энэ хэвээр нь үргэлжлүүлнэ.

Цахилгаан, ус, дулааны төлбөрийг энэ оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл төр хөнгөлж байгаа. Үүгээр дуусгавар болгоно. Хамгийн том зардал болох хүүхдийн мөнгө бий. Хүүхдийн мөнгийг ирэх жилд 20 мянган төгрөг буюу Covid-19 халдварын өмнөх түвшинд байлгана гэж улсын төсвийн хүрээний мэдэгдлийг хийсэн. Гэхдээ төсөвт тодотгол хийж, хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг олгохоор тусгасан. Хүүхдийн мөнгийг бид ирээдүйн өв сангаар баталгаажуулна гэж тооцсон. Хөрвөх чадваруудыг гаргаж, халамжаас нь хуримтлал руу шилжүүлнэ. Хүүхдийн мөнгөнийг шууд хэрэглээнд үрэх биш хуримтлал руу шилжүүлнэ. Хүүхдийн мөнгийг ирээдүйн өв сангаар баталгаажуулвал 18 нас хүртэл нь 19-20 сая төгрөг болно. Энэ нь хуримтлалыг дэмжиж байгаа.

Тэрбээр үргэлжлүүлэн “Мэдээж эрүүл мэндийн салбарыг нэгдүгээрт тавьж байгаа. Ирэх жил төрийн байгууллагуудын байшин барилга, машинд зардал тавихгүй. Өнөөдөр Засгийн газарт төсвийн танилцуулга хийсэн. Аравдугаар сарын 1-нд Засгийн газар төсвийг эцэслээд УИХ-д өргөн барина. Улмаар арваннэгдүгээр сарын 15-нд эцсийн байдлаар УИХ дээр төсөв батлагдана” гэв.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.