ХҮҮХДИЙН МӨНГИЙГ 2022 ОНД ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ОЛГОНО
2021-10-04 12:05

2022 оны төсвийн төсөлд тусгасан шинэчлэлийн бодлогыг сангийн сайд Б.Жавхлан сэтгүүлчдэд танилцууллаа. 

Монгол Улс “ковидын дараах шинэ хэвийн байдал”-д вакцинжуулалтын тусламжтайгаар түргэн орох, эдийн засгийн өндөр өсөлтийг хадгалах томоохон төслүүдийн нөлөөгөөр 2022 онд 5 хувийн эдийн засгийн өсөлттэй байхаар тооцсон. Энэ нь бидэнд хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэх төсвийн орон зайг өгч байна. Ингэхдээ 2022 оны төсвийн жилд Засгийн газраас “Халамжаас хөдөлмөрт” гэсэн бодлоготой уялдуулаад халамжаас-хадгаламж руу, урт хугацаандаа халамжаас-хөрөнгө оруулалт руу гэсэн концевцруу шилжихээр төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, бэлнээр авах, хуримтлал үүсгэх хувилбар санал болгоно. Монгол Улс 2021 онд 3 их наяд төгрөгийг халамж хэлбэрээр олгож байна. Үүний 1,4 их наяд төгрөг нь буюу 50 хувь нь сар бүр олгож байгаа хүүхдийн мөнгө, 1 их наяд төгрөг нь хөл хорионы үед иргэн бүрт олгосон 300 мянган төгрөгийн нэг удаагийн . Тэгэхээр цаашдаа хүүхдийн мөнгийг 50 хувийг авах 50 хувийг хадгалах, эсвэл 40/60 гэх мэт хувилбарыг эцэг эхчүүдэд санал болгоно. Учир нь хүүхдийн мөнгөөр амьдарч байгаа маш олон айл өрх бий. Тиймээс шууд олголтыг зогсоож болохгүй, аажмаар хадгаламж хэлбэр рүү шилжих, цаашлаад хүүхдийн ирээдүйд нь хөрөнгө оруулалт болгох бодлого баримтална. Хүүхдийн хадгаламжийг ирээдүйн өв сангаар баталгаажуулна. 2022 оны сүүлийн хагас, 2023 оноос хүүхдийн мөнгийг эцэг эх нь шууд хэрэглэх хэмжээг нь багасгаад хадгалах хувийг нь нэмэгдүүлэх, хадгалж байгаа тохиолдолд төрөөс илүү урамшуулал олгох, урт хугацаанд хадгалж байгаа бол инфляц болон бусад эрсдэлээс хамгаалах зэрэг зохицуулалтыг хийж өгнө. Ингэснээр хүүхдүүд маань эрсдэлгүй, даатгагдсан, бодит хадгаламжтай болох юм. Дээрх зохицуулалтыг хийсний үр дүнд 6 настайгаасаа хүүхдийн мөнгөө хуримтлуулаад 18 нас хүрэхэд 18-20 сая төгрөгтэй болох боломжтой юм. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.