2022 ОНД САЙД НАР НЭГЭЭС ИЛҮҮГҮЙ ЗӨВЛӨХ, ТУСЛАХТАЙ БАЙНА
2021-10-08 10:00

ТӨСӨВ 2022: Сайд нар нэгээс илүүгүй зөвлөх, туслахтай байнаТөр зардлаа хэмнэх, оновчтой байдлаар дахин хуваарилах, төрийн үйлчилгээг цахимжуулах зэргээр БҮХ ШАТНЫ ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГУУД ХЭМНЭЛТИЙН ГОРИМД АЖИЛЛАНА.

Төрийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын ажлын ачааллыг нягтруулах, чиг үүргийг оновчтой хуваарилах зорилгоор сайд нар нэгээс илүүгүй зөвлөх, туслахтай байх, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга дундаа нэг туслахтай байх, Засгийн газрын агентлаг нэгээс илүүгүй дэд даргатай байх, дарга нь зөвлөхгүй байх, тэтгэвэрт гарсан хоёр албан хаагч тутамд орон тооны нэг нөхөн томилгоо хийнэ.

Төрийн үйл ажиллагааг цахимжуулах замаар төсвийн зардлыг бууруулж иргэдэд хүргэх үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэх зорилгоор бүх шатны төрийн байгууллагын сургалт, хурал, зөвлөгөөн зохион байгуулах, албан хаагчийг мэргэшүүлэх арга хэмжээг цахимаар зохион байгуулж холбогдох зардлыг бууруулна.

Дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга дундаа нэг туслахтай, Засгийн газрын агентлаг нэгээс илүүгүй дэд даргатай байна.

Захиргааны албан хаагчид долоо хоногийн ажлын нэг өдөр нь гэрээсээ цахимаар ажиллахыг зөвшөөрөх, улсын бүртгэлийн үйл ажиллагаанд цахим гарын үсэг нэвтрүүлж банк, даатгал, нотариат, тусгай зөвшөөрөл, хөрөнгө болон эрх өмчлөх, эзэмших, ашиглах шилжүүлэх, сунгах зэрэг үйлчилгээнд ашиглах зэрэг нь иргэдийн цаг завыг хэмнэх, авто замын түгжрэлийг багасгахад эерэг нөлөөтэй байх болно.

Хэмнэлтийн горимыг ирэх онд үргэлжлүүлж бүх шатны төсвийн байгууллагын гадаад албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах, тавилга, эд хогшил, ном хэвлэл худалдан авах, болон хэвлүүлэх, сурталчилгаа хийх, бэлэг дурсгалын зүйлс бэлтгэх, биеийн тамирын уралдаан тэмцээн, салбарын болон байгууллагын тэмдэглэлт ой, баяр ёслолын арга хэмжээ зохион байгуулах, салбартай холбоотой киноны уран бүтээл хийх болон төрийн захиргааны төв байгууллагуудын тээвэр шатахууны зардлыг санхүүжүүлэхгүй.

Мөн бүх шатны төрийн байгууллагын бичиг хэргийн зардлыг 50 хувиар, Ковид-19 халдварт цар тахалтай тэмцэх чиг үүрэгтэйгээс бусад бүх шатны төрийн байгууллагын дотоод албан томилолтын зардлыг 50 хувь бууруулж тооцлоо. Ашиглалтын урсгал зардлыг бууруулах, хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах зорилгоор захиргааны албан контор шинээр барихыг хязгаарлаж байна. Тусгай чиг үүрэг гүйцэтгэхээс бусад төрийн байгууллагууд шинээр автомашин худалдан авахгүй байхаар тооцлоо гэж Сангийн яамнаас мэдээлэв .

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.