Б.ЖАВХЛАН: НӨАТ-ЫН СУГАЛААГ БОЛИУЛЖ, БУЦААН ОЛГОЛТЫН 2 ХУВИЙГ ХӨДӨЛГӨХГҮЙ
2021-10-12 15:15

Б.Жавхлан гишүүн ЖДҮХС-гаас гурван компанид зээл олгоход нөлөөлсөн нь  хөдлөшгүй баримтаар тогтоогдсон гэв үү

Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр (2021.10.12) 2022 оны төсөвтэй холбоотой мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариулав. Энэ үеэр Эдийн засгийг сэргээх хуулийн төсөлд казино байгуулах тухай тусгасан талаар тодруулахад тэрбээр “Энэ хуулийн төсөлд яамдаас 530 орчим санал өгсний нэг нь казино байгуулах юм. Бид энэ асуудлыг судалж байна” гэсэн хариулт өгөв. Дээрх төсөлд агнуурын тоог өсгөх санал ирснийг хуулиар шийдэх шаардлагагүй гэж үзэж байгаа аж. Учир нь энэ нь БОАЖ-ын сайдын бүрэн эрхийн асуудал болохыг хэллээ.

МҮХАҮТ-аас татварын өр төлбөрөөс компаниудыг нэг удаа чөлөөлж, өршөөх санал өгснийг боломжгүй гэж үзжээ. Учир нь “Татвар төлөгчид дараагийн Covid-19-ийг хүлээдэг болно, ёс зүйн гажуудал үүсэх эрсдэлтэй. 2020-2021 онд татварын алданги, торгуулийг чөлөөлснөөр татвар төлөгчдийн идэвх буурсан” гэв.

Сангийн сайд Б.Жавхлан НӨАТ-ын сугалааг болиулж, буцаан олголтын 2 хувийг хөдөлгөхгүйг хэллээ. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар Монгол Улсын эдийн засгийн 33 хувь далд байна гэж тооцож байна. 2017 онд 45 хувь нь татвараа төлдөг, нээлттэй байсан бол Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг шинэчилж, НӨАТ-ын баримтын системийг 2017 оноос нэвтрүүлснээр өнөөдөр 67 хувьд хүрсэн.Энэ хувь хэмжээ 80-90 хувьд хүрч, далд эдийн засаг 10 хувьд хүрч агштал НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг хөдөлгөхгүй, харин татварын 10 хувийг нэмэгдүүлж магадгүй.

2021 оны есдүгээр сард татварын орлогын биелэлт 130 хувь, оны эхнээс тооцвол 107 хувийн биелэлттэй байгаа аж. Энэ нь татварын хувь хэмжээг нэмээгүй ч бүртгэлийг сайжруулж, нуугдмал өрүүдийг цэгцлэх талаар ажиллаж байгаатай холбоотой” гэж хэлэв.

Тэрбээр Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийн оруулах тухай хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлэхдээ “Энэ төслийг хэлэлцэх нь зөв. УИХ өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх эсэхийг л шийдсэн. Төсөлд хөрөнгө оруулалтын босгыг 50 мянган ам.доллар болгон бууруулснаар хүн амын шилжилт хөдөлгөөнд яаж нөлөөлөхийг судлах шаардлагатай. Манай улс газар нутаг том, хүн ам цөөн онцлогоо харгалзах нь зөв” гэлээ.

“Ирэх оны улсын төсвийн алдагдал 2 их наяд төгрөг. Энэ алдагдлыг нөхөхийн тулд “Рио Тинто группээс санал болгосон, ногдол ашгийн 1 их наяд төгрөгийг авах уу?” гэсэн асуултад “Рио Тинто" групп өнгөрсөн наймдугаар сард ногдол ашгийн 350 сая ам.доллар буюу 1 их наяд төгрөгийг урьдчилж төлөх санал тавьсан. Бид энэ мөнгийг ирэх оны төсвийн орлогод тавиагүй. Засгийн газар энэ саналыг хүлээн авах, эсэх шийдвэрээ гаргаагүй байна” гэж хариулсан юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.