Д.СОСОРБАРАМ: ЭРХ БАРИГЧИД ДАРАНГУЙЛЛЫНХАА, АЙЛГАН СҮРДҮҮЛЭХ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОХ ЗАМААР ХУВЬ ХҮНИЙ ЭРХЭД ХЭТЭРХИЙ ХАЛДАЖ БАЙНА
2021-11-03 12:20

Д.Сосорбарам | News.MN

Маэстро Д.Сосорбарамтай ярилцлаа.


-Тантай улс төр, нийгэм эдийн засгийн талаар ярилцмаар байна. Эхлээд эрх баригчдын улс орноо удирдаж байгаа байдалд таны дүгнэлтийг сонирхъё?

-Ерөөсөө тодорхой.Сая болсон нөхөн сонгуулийн дүнгээс харахад л ойлгомжтой байна. Нөхөн сонгууль болоход ирц хүрээгүй. Нэмэлт санал хураалт явуулсан ч мөн адил ирц хүчин төгөлдөр болсонгүй. Гэтэл эрх баригчид олонхоороо түрий бариад л Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулиа зөрчөөд хүчээр тангараг өргүүлж байна шүү дээ. Монголын сонгогчдын өмнө тангаргийг тонгорог болголоо. Урьд хожид битгий давтагдаасай гэмээр дээрэм, тонуул болж өнгөрлөө. XXI зуунд иргэд маань өөрийнхөө амьжиргааг хуулиар хамгаалуулах, бизнесээ арвижуулах, ашиг орлоготой байхын тулд төр юмуу түшмэд мяндагтнуудыг ажил үйлс рүүгээ оролцуулахгүй байх сонголтыг хийх болчихсон. Гэтэл үүнийг байхгүй болгочихлоо. Өнөөдөр эрх баригчдын хамгийн адгийн муйхар мунгинаа арга бол энэ. Нэмээд хоёр яам байгуулна гэж байна. Ялангуяа цахим яам байгуулбал маш их аюул дагуулна. Энэ бол урд талын коммунист намд хэрэгжиж байгаа хортой үйл явдал. Иргэн болгоноо тагнаж, чагнаж, хувь хүний эрх рүү хэтэрхий хөндлөнгөөс оролцоно. Хүний болоод айл өрхийн бизнесийн нууц руу халдаж, довтолно. Өнөөдөр цахим яамтай, яамгүй иргэд дэлхийн хаанаас ч хоорондоо харилцаж, нэг нэгийнхээ царай төрхийг хараад ярилцаж байна. Ийм байхад цахим яам байгуулна гэдэг нь монгол хүн бүрд халдаж байгаа халдлага гэж үзэж байгаа. Энэ бол социалист, коммунист, фашист халдлага гэж дүгнэж байна. Эрх баригчид үүндээ бодолтой, дүгнэлттэй хандахыг сануулъя.

-Гэтэл төрөө улам данхайлгаж байгаа эрх баригчид тань шиг ингэж дүгнэх болов уу даа...

-Тэд үнэхээр дүгнэж чадахаа байчихсан юм байна. Уг нь эрх баригчид ардчилал гэж яриад байгаа юм. Ардчилал гэдэг бол цөөнхөө, хувь хүнийг боомилох, хувь хүний эрх чөлөөг хязгаарлаж, хямгадаж, айлган сүрдүүлэх гажуу үзэгдэл болчихоод байна. Би эрх чөлөө гэдгийг малгайлж яримаар байгаа юм. Монгол Улс эрх чөлөөтэй байх уу, монгол хүн бүрийн эрх юугаар хамгаалагдах юм. Хувь хүний эрхээрээ дамжаад хувийн өмч нь яаж баталгаажих юм. Энэ хоёр эрх дээрээ үндэслэгдээд хүн хоорондын,

бизнес хоорондын гэрээний эрх гэж юу юм. Энэ гурван үндсэн эрх тулгын чулуу шиг нэгдэж явах ёстой. Гэтэл энэ эрх баригчид үүн рүү орохгүй юм байна.

-Яагаад та ингэж үзэх болов?

-Одоогийн Ерөнхийлөгч чинь Ерөнхий сайд байхдаа Чөлөөт зах зээл байхгүй гээд дэлхий даяар зарлачихсан. Би хураах гэдэг үгэнд дуртай гэсэн. Ямарваа нэгэн өмчийг төр рүү хураая, төрд бөөгнүүлье гэснээ ч хийж байх шиг байна. МАН-ын 100 жилийн хугацаанд ийм боомилолт дуусахгүй явсаар өдий хүрлээ. Үүнээс гарах гарцгүй болтол нь ингэж авирлана гэдэг бол өнөөдрийн эрх баригчид дэндэж байна. Дэндэх дэндэхдээ буцаад социализм руу, бэлэнчлэх сэтгэлгээ рүү ухарч байна. Хэтэрхий халамжийн тогтолцоо руу явж байна. Иргэдээ халамжаар угжаад байна. Энэ бол ард түмнээ хорлож байгаагийн хэлбэр. Тухайн иргэн хөдөлмөрлөхгүй, залхуу, амьдралын идэвхгүй, зальхай, ядуу болох үндэс энэ.

-Уг нь Засгийн газар халамжаас хөдөлмөрт шилжих бодлого хэрэгжүүлж байгаа шүү дээ?

-Нарийндаа ярихад энэ эрх баригчид ярьсныхаа эсрэг үйлдэл хийж, хийснийхээ эсрэг ярьж байна. Ороо бусгаа аль XIX зуунд суурь нь тавигдсан альтруизм буюу золиос төлөөс болдог тийм үзэл санаатай. XX зуунд бий болсон прагматизм буюу мөнгөн ус шиг хаашаа л бол хаашаа гуйвж байдаг ийм үзэл санаатай эрх баригчид Монголд ноёлж байгаа. Энэ хэцүү. Эд нар өөрсдийнхөө энерциэр дампуурна. Үүнийг сонгогчид ч өөрсдөө харна. Харахаар барахгүй өөрсдийнхөө оюун санаа, бизнес гээд бүх зүйлдээ амсаад эхэлчихсэн байгаа.

Д.Сосорбарам: Миний хувьд Ардчилсан нам ҮҮРД БАЯРТАЙ

-Үндсэн хуулиараа Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаатай сонгогддог болсон. Засгийн газар нь Их хурлаасаа илүү эрх мэдэлтэй болсон. Цаашид энэ эрх баригчид өөрсдийнхөө дарангуйллын тогтолцоог улам төгөлдөржүүлж, ноёрхлоо удаан хадгалах сууриа засаад яваад байна уу?

-Ерөөсөө л тэр. Дарангуйллынхаа, айлган сүрдүүлэх тогтолцоог бий болгох, хувь хүний эрхэд хэтэрхий халдаж байна шүү дээ. Өнөөдөр энэ дарангуйллыг сөрж, эсэргүүцэх, зоригтой залуус байгаа нь сайн. Тэд ямар ч гэм зэмгүй, буруу үйлдэл хийгээгүй, асар соёлтойгоор байгаа үйл явдлыг шүүмжилж, үзэл бодлоо илэрхийлсэн “No Naadam”, “No double standart” хөдөлгөөнийхөн юм. Өнөөдөр эрх баригчдад ийм залуусын үгийг сонсох тэнхээ алга. Ертөнцийн анир чимээг олон талаас нь сонсох сонсгол нь дүлий болжээ. Эрдмээр буюу оюун санаагаар цэнэглэгдсэн оюуны сүв нь тагларчихаж. Коммунист үзэгдэл яг л ийм байдаг. Социалист систем, коммунист нөлөө, фашист хяналт гурав зэрэгцээд ирэхээр цааш явахгүй.

-Манай улс бол парламентын тогтолцоотой. Гэтэл ковидын түр хууль, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын эрх мэдэл томорчихлоо шүү дээ. Их хурлынхаа үгийг тоодоггүй, Их хурал нь хүчгүй болсон гэж улс төрийн хүрээнийхэн ярж байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Том эрх мэдлийг өөртөө авч байгаа нь үнэн. Манай энэ Ерөнхий сайд хийж байгаа хүүхэд чинь “Энэ ард иргэдийн эрх чөлөө хэтэрч байна. Ард түмэн дэндүү эрхэлж байна” гэж авч байна лээ. Харин амьдрал дээр эсрэгээрээ. Өөрсдөө бол эрх мэдлээр эрхэлж байна шүү дээ. Тэр зузаалсан Засгийн газрын эрх мэдлээр буцалтгүй тусламжийг буцалтгүй тонуул болгож байна. Ковидын үед гадна дотны хандивлагч орнууд, баялгаас орж ирсэн мөнгө хаана байна вэ. Зарцуулалтыг нь тайлагнадаггүй. Татвар төлөгчдийн мөнгөөр юу хийж байгаагаа тайлагнадаггүй учраас Засгийн газар эрх мэдлээ хэтрүүлж байна. Харин сонгогчид бол ямар ч эрх чөлөөний бололцоо байхгүй хумигдаж буй. Засгийн газар дарамталж, хүнд суртал гаргаж, хүний ажиллах бүх сонирхлыг халамжаар унтрааж байна. Нэг нь ард иргэдийг эрхлүүлж байна гэж ярьсан хэрнээ эрх мэдлээр өөрийгөө зузаалж байна. Энэ эрх мэдлийн цаана далд эдийн засаг, улстөрчдийн хуйвалдаан өрнөж байна.

-Эдийн засгаа тэлнэ, шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлнэ гээд том амлалтууд өгөөд байгаа л даа?

-Коммунизмын үед шинэ эргэлтийн бодлого гээчийг ярьдаг байв. Урд хөршид одоо ч ярьж, хэрэгжүүлдэг. Энэ бол сэргэхгүй. Өөрөө нурна, дампуурна. Ойрын үед эрх баригчдын дунд зөв үзэл бодолтой сайд дарга нар байгаа. Төр хэтэрхий оролцоод ирэхээр төрийн оролцоотой компани болгон дампуурч байна. Үүнийг үнэлдэг зарим эрх мэдэлтэй хүмүүс бий. Ер нь эрх баригчид өөрөө өөрсдийнхөө энерциэр дампуурна л даа.

-Ерөнхий сайд саяхан төрийн өмчит компаниудыг хувьчилна гээд УИХ-ын чуулганы индэр дээрээс зарласан. Тэгэхээр төрийн өмчийг дампууруулаад үнэгүйдүүлж хувьчилдаг арга байна уу?

-Товчхондоо энэ бол коммунист арга.

-Таныхаар өмч хувьчлалыг яаж зөв замаар явуулах вэ?

-Ил тод, шилэн байх хэрэгтэй. Нээлттэй зарлаад хүн болгон өрсөлдөх боломжийг олгоод орхи. Ер нь зах зээлийн эдийн засаг, ёс зүйтэй капитализм байя гэвэл чөлөөт өрсөлдөөн байна. Тэгээд үнэ чөлөөлөх ёстой. Гэтэл манайд тийм биш болохоор өнөөдөр үнийн өсөлт аяндаа гарч ирээд байна шүү дээ. Төр оролцохоор бүх юм баларна гэсэн ланжгар үг байдаг. Дэлхий өөрөө эргэдэг. Тэр лугаа жам ёсоороо өөрсдөө ажлаа хийгээд явъя. Тэрэнд төр битгий гай бол. Төр байя гэвэл маш цомхон бүтэцтэй байх хэрэгтэй. Монголд долоо, найман яам хангалттай. Дэд сайд гээд олон төрийн эрх мэдэлтнүүд хэрэггүй. Маш авсаархан татвартай байх ёстой. Ард иргэд нь хугацаандаа татвараа төлчихдөг тийм бүтцийг бий болгох хэрэгтэй. Гэтэл өнөөдөр татвар өндөр болохоор иргэд нуудаг. Ард түмэн өөрсдөө хар аяндаа луйврын сэтгэлд суралцаж байна шүү дээ. Татвар өндөр байх тусам хяналтын хүнийг авлигадна. Татвараа нууна. Төр өөрөө дээр, дооргүй хулгай, дээрэм тонуулын сэдэлтэй болгоод хаячихаж байгаа юм. Энэ бол манай тогтолцооны гажиг.

-Тогтолцооны гажгийг өөрчлөх ямар боломж байна вэ?

-Үндсээр нь өөрчлөх ёстой. Үүний тулд хувь хүний эрх, хувийн өмчийн эрх, гэрээ хэлэлцээр, эрх чөлөө, гэр бүлийн үнэ цэнийг дээдэлж байж тогтолцооны гажиг өөрчлөгдөнө. Гэр бүлийн үнэ цэнэ дээр үндэстэн өөрөө оршин тогтнодог. Өнөөдөр хувь хүний эрх чөлөөг боомилоод зогсохгүй хэлэх, ярих, хэвлэх эрхийг хааж байна. Хувийн болон хувьсгалын мэдээллийн хэрэгслийг бүгдийг нь байхгүй болгож байна шүү дээ. Дөрөв дэх засаглалыг Засгийн газар, эрх баригчид зүгээр л нам жим болгочихлоо. Гадаад, дотоодод гайгүй сургууль төгссөн хүмүүсийг Засгийн газар руугаа мөнгөөр цохиж авч байна. Энэ бол хорлож байгаагийн илрэл. Энэ алдагдсан эрх чөлөөг “No Naadam”, “No double stan­dart” хөдөлгөөний залуус нэхэж жагсаад байгаа юм. Тэд маш зөв шаарлага тавьсан. “Ерөнхий сайд та хэдэн мянгаар нь хүнээ цуглуулаад ковидоо тараадаг. Энэ бол гэмт хэрэг” гээд эсэргүүцсэн. Ерөөсөө бизнесээ чөлөөлөөд явуул гээд үзэл бодлоо илэрхийлж байгаа иргэдийн эрх чөлөөг төр засаг боогдуулснаар монголчуудыг үнэхээр айдаст автуулж байна. Тэр хувь хүмүүсийн ард байгаа гэр бүл, үр хүүхэд, ураг садан гээд нэлээд хэдэн айл айдаст автана. Тэгээд үндэстэн сүйрнэ. Тод жишээ хэлье л дээ. Хоёр, гуравхан хоногийн өмнө “No double” хөдөлгөөний 21 настай хоёр хүүхдийг баривчилсан. Ямар ч буруу үйлдэл хийгээгүй, зүгээр орцноосоо гарч ирэхэд нь цагдаа нар шууд гавлаад ачаад явсан байгаа юм. Тэдэнтэй хамт санаандгүй орцноос хамт гарч ирсэн огт танихгүй залууг хамсаатуулан баривчилсан. Энэ залуу амьдралаа залгуулах гээд хот хөдөөгийн хооронд хүн тээвэрлэх гэж зар бичээд тэрийгээ хүн ихтэй газар аваачиж наахаар гэрээсээ гарч ирж таарсан юм билээ. “Хэнтий рүү хүн тээвэрлэнэ” гэсэн бичгийг нь уриа лоозонтой андуураад “Энэ нөхөр талбай дээр очиж жагсах нь” гэж хүчнийхэн хардаад баривчилсан. Ингэхдээ зодож, нүдэж, гавлаж, гинжилсэн байгаа юм. Ямар ч гэмгүй хүнийг баривчлангуут эхнэр нь сандарч гарч ирээд, хүүхдүүд нь уйлалдаад тэр айлд ямар их түгшүүр бий болох нь ойлгомжтой. Гэтэл цагдаа нь “Амьдрал баян шүү дээ, уучлаарай хө. Би андуурчихлаа” гээд сууж байж болох уу. 1937 оны үед зүгээр хонь хариулаад явж байсан малчныг хороох хүнийхээ тоонд оруулах гэж баривчилж байсан хэлмэгдүүлэлттэй яг ижил үйл явдал болж байна.

Д.Сосорбарам - Хүмүүн заяаны өлгий - YouTube

-Сайн төр ямар байх ёстой вэ?

-Хамгийн түрүүнд энэ үндэстний дотор амьдарч байгаа иргэн болгоноо айдасгүй, тайван амгалан байлгах ёстой. Улмаар тэднийхээ эрхийг хамагаалах ёстой. Төрийн үүрэг бол хувь хүний эрхийг харгислал, хүчирхийллээс хамгаалах, хувийн өмчийг дээрэм тонуулаас хамгаалах, хүн хоорондын зөрүү, маргааныг ёс зүйтэй шүүдэг шударга шүүхтэй байх ёстой. Сайн төр бол энэ гурвыг хийдэг. Харин манайх эсрэг төр.

-Хоёр хөрш маань хилээ хаачихлаа. Одоо Солонгос хүртэл улаан бүсэд оруулж, нислэгээ зогсооё гэж байна. Хил гааль хаасан нөхцөл байдлыг боломж болгохын тулд бид юу хийж чадах вэ?

-Хил, гааль хааж байгааг том боломж гэж харж байгаа. Хэн нэгний хараат бусаар амьдарч чаддаг юм гэдгийг харуулах цаг болсон. Харамсалтай нь дотор талдаа коммунист дэглэм бэхжээд ирэхээр нэг аюул нь энэ. Хэрвээ чөлөөт зах зээлтэй бол хил гааль хаасан ч гэсэн Монголд боломж байна шүү дээ. Тэр боломжоо нээгээд гурав дахь улс руу арилжаа наймаа хийдэг, гэрээ контрактаа байгуулаад явах боломжтой.

Хоёр хөрш хилээ хаасан явдлыг би хоёр өнцгөөр харж байгаа. Өвчин эмгэгээс болж түр хааж байгаа байх. Нөгөө талдаа геополитикоор боолчлох гэсэн хоёр хөршийн айлган сүрдүүлэлт. Хойд, урдууд хүн юм болсон хойно өвчин эмгэгээсээ болсон байгаасай даа. Гэхдээ хил гаалиа хаасан ч монголчууд өөрсдийнхөө нөөц боломжийг ашиглах хэрэгтэй л дээ. Ямарваа хатуу үйл явдал, эрсэдлийг давах чадвараар тэр шалгуурт унахгүй байх цаг тулж ирж байна шүү дээ. Тэгэхээр манайханд амьдрах боломж байгаа.

-Ковидоор манай улс нэг сумын дайтай иргэдээ алдчихлаа шүү. Танд юу бодогдож байх юм?

-12 гаруй сая хүн амтай Токио хотод халдварын тоо бараг арав дотор эргэлдэж байна. Гэтэл гуравхан сая хүн амтай үндэстэнд халдварлаж байгаа тоо, нас барагсдын тоо огт буурахгүй байна. Өдөрт 18-аас доошгүй хүн ковидоор нас барж байна. Энэ гай юунаас болсон нь манай залуучуудын тавиад байгаа шаардлагын бодитой үйл явдал нь харагдаж байна. Тэгэхээр дабель стандартыг зөвшөөрөх ёсгүй. Үүний эсрэг тэмцэж байгаа нь зөв. Энэ үндэстэн цаашид олон жил наадаж, үр хүүхдүүдтэйгээ элэг бүтэн цэнгэн хөгжилдье гэвэл ганц жил наадмыг өнжиж болно. Гэтэл зунжин хөдөө орон нутагт үргэлжилсэн найр наадам, уул овоодын тахилгын дараа нян нь тархаад, хот руу орж ирээд өвчлөл улам нэмэгдсэн. Энэ коммунистуудын харалган бодол. Шангирилад хэдэн мянган хүн цуглуулаад маргааш нь залуус эмнэлгүүд дүүргээд яав. “Зайсан хилл”-д пижигнээд Халдвартаар дүүрэн залуус очиж байна. Засгийн газар ард иргэдийнхээ эсрэг юм шиг үйлдэл хийгээд байгаагаа зогсоогооч ээ.

-Нэр хүнд, пиартаа амиа тавих шахам ач холблогдол өгөөд байх шиг ээ?

-Үнэн, үнэн. Ард түмнээ хамгаалах биш, дарангуйлал шинжтэй. “Ард түмэн эрхээ дэндүү их эдэлж байна” гээд байгаа хүн шүү дээ. Энэ чинь ард түмнийг чангална гэсэнтэй агаар нэг ойлгогдож байгаа биз. Ер нь коммунистууд ийм харалган бодлоготой байдаг. МАН-ынханд нэг л зүйл хэлье. Та нар дотор амьдрал, улс төрд туршигдсан, тулх суусан зөндөө улстөрчид бий. Оюун санааны хувд төлөвшиж, тэгширсэн хүмүүс ч олон. Тэгээд яагаад ямар ч төлөвшил байхгүй, хаана ямар сургууль төгссөн нь тодорхой бус Дэлхийн Зөн гэдэг байгууллагаар дамжсан хүүхдээр засгаа бариулна вэ. Энэ бол 100 жилийн түүхтэй МАН-ынхны гашуудал. Би үүнийгээ энэ намын 50-иас дээш насны хэд хэдэн хүн рүү утсаар “Та нарын толгой хуучраагүй байгаа шүү дээ. Туршлагажсан төрийн жинхэнэ хар хүмүүс бий дээ. Энэ хүнд цаг үед тэднийхээ толгойг ашиглах ёстой” гэж хэлсэн.

-МАН-ынхан лидерүүдээ үечлэлтэй гаргаж ирдэг гэдэг шүү дээ?

-Үе өөрчлөгдөж болно. Тэр үе төлөвшиж үү, үгүй юү гэдэг асуудал чухал. Хатуухан хэлэхэд бид хүний амьдралын таван үеийг давж байж төлөвшдөг юм байна. Тухайлбал, 49-ний жил, 61-ний жил хүрч байж жинхэнэ байр сууриа авдаг. Ухаандаа захирагддаг, ухаанаа олон салбар руу, олон сэтгэлгээний үнэ цэнэ рүү хуваарилж чаддаг байх ёстой. Ухаандаа биш унжлагандаа захирагдсан хэдэн нөхөд төр засагт орчихоор ямар нэмэр байдаг юм.

Window Mn on Twitter: "ЗҮҮДНИЙ ГУЙЛГА-Д.СОСОРБАРАМ https://t.co/4hri3NwFlv…  "

-Л.Оюун-Эрдэнийн хувьд нэн шинэ залуу Ерөнхий сайд гэдэг утгаараа аргагүй л туршлага дутаад байх шиг. Түүнийг хүний өөрийн намынхан нь ч ингэж дүгнэдэг. Ард түмэн нь хэдэн зуугаараа цар тахлаар нас барж байхад хөшөөтэй зууралдаад сууж байж таарах уу даа?

-Энэ бол нэн хорлонтой Ерөнхий сайд. Монгол Улс оршуулгын газар биш. Хэрэв хөшөө дурсгалтай байя гэвэл бизнес болгох хэрэгтэй. Хүмүүс тэнд нь мөнгө төлөөд ордог, дотор нь музей байдаг, орой дээр нь гараад алсыг хардаг, хөдөлгөөнтэй, үйлдэлтэй байж хөшөө үнэ цэнэтэй болно. Тэрнээс энд, тэнд буулгаад, бариад байх юм уу. Хөшөө баригсад өөрсдийнхөө далд урхагийг нууж байна. Аргал түүж байгаа эмээгийн хөшөө барьчихсан ч байх шиг. Ямар ач холбогдол, ямар үр дүнтэй юм бэ. Тэрүүгээрээ юу хэлэх гээд байгаа юм. Ямар ч филисофигүй байна, бид. Сонгогчид, уран бүтээлчид, улстөрчид ч ялгаагүй. Дээр хэлсэнчилэн золиос төлөөс буюу альтриустууд, нөгөө талаар үзэл санаа буюу прагматикууд байхгүй. Энэ чин дампуурал руугаа яваад байгаагийн дохио юм.

-Та яриандаа эрх баригчдыг дампуурал руугаа явж байна гэж хэд хэдэн удаа дурдлаа. Гэтэл хуулиар дарангуйллын сууриа бэхэлж байна шүү дээ. 2016 онд засгаа авангуутаа Эрдэнэт үйлдвэрийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгосон. Одоо түүнийг цагаатгачихлаа. Хуучин нийгмийн дарангуйлагчаа алдаршуулж байна гэж эсэргүүцэх хүмүүс ч цөөнгүй харагдсан. Харин ардчиллын үнэт зүйлийг нутагшуулахад анхнаас нь гар бие оролцож ирсэн таны хувьд ямар байр суурьтай байдаг юм бол?

-Ю.Цэдэнбалыг цагаатгасан юм бол өнөөдөр Лоохууз, Сурмаажав, Нямбуу, Аварзэд, Лхамсүрэн гээд гадаад яамны сайд байсан улсууд бүгд хэлмэгдээд хядлаганд өртлөө гээд коммунизмын үед молхиогдсон. Эднийг уг нь цагаатгасан юм. Тэгвэл тэднийг гэмтэн болгох хэрэгтэй болж хувирч байгаа байхгүй юу. Энэ их хэцүү. “Манайх мөртлөө хүнийх болсон хүмүүс” гэж манай түүхийг бодитой судалсан судлаачдын хэлсэн үг бий. Хойд коммунист хөршийн КГБ-гийн айхавтар нөлөө өнөөдөр мөнх байна. Цаашид ч мөнх байж магадгүй болчихлоо. Урд нэг том коммунист орон байгаа. Тэрний гар хөл болсон улсууд улс төрд байна. Сэтгэлгээний өндөр цар хүрээтэй, оюуны бядтай, нэмээд эр зоригтой манлайлах чадвартай, дарангуйлал, айлган сүрдүүлж байгаагаас буцахгүй, няцахгүй хүмүүсийн тоо нэмэгдээсэй. Улс үндэстнүүдийг харж байхад нэгэн суутан хүний хэлсэн үг санаанд орлоо. Толгойлж авч яваа тавхан хувь байдаг. 95 хувь нь шимэгч байдаг юм байна. Цөөхөн ч гэсэн манлайлж яваа, түрүүлж сэтгэж байгаа болгоныхоо үгийг сайн сонсож байх хэрэгтэй. Ардчилал гэдэг бол олонхоороо цөөнхөө дарангуйлдаг дарангуйллын тогтолцоо болчихожээ. Энэ ардчиллыг социализмаар сольчихлоо гэж хэлэх байна. Нөгөө талаар эрх баригчдад анзааруулж хэлэхэд би эд нарт өсөрхөж, дургүйлхсэндээ биш, бүх явдал суудал, үзэгдэлд баримт пакттай хандаж байгаа юм.

-Та “No Naadam”, “No dou­ble standart” хөдөлгөөний залуусыг нэлээд дэмжиж, дуугарч байгаа харагддаг. Тэдэнтэй ямар холбоотой юм бэ?

-Цөөхөн ч гэсэн ийм залуус, хэн нэгнээс хараат бусаар, аль нэгэн намын даалгавраар биш, дангаараа өөрсдөө бие даан сайн дураараа эвлэлдэн нэгдсэн. Бие биеэ танихгүй хэрнээ үзэл бодлын уулзвар дээр нэгдэж байгаа нь маш зөв хандлага. Ирээдүйд зөв үр соёолж байгаа юм байна гэж харж байгаа. Миний сэтгэлээ тэнийлгэх зүйл энэ байна даа.

 

-АН-ын өнөөгийн энэ байдал 30 жилийн өмнөх эхлэлийн цэг дээрээ ирсэн байж мэднэ гэсэн горьдлого намын жирийн гишүүдэд байгаа бололтой. Монгол төрийн хоёр баганы нэг яалт ч үгүй мөн. Эсвэл энэ нам цаашид байх ёстой юм уу, энэ намгүйгээр Монгол Улс явах уу гэсэн асуудлууд ч байдаг. Харин таны бодлыг сонсъё?

-Монгол Улсын төр өрөөсөн баганатай байна. Эдийн засгийн эрх чөлөөг өөгшүүлдэг, бизнесийнхэн, сэтгэгчдийг зүгээр л орхичих. Би нэг түүхэн үйл явдлаас сонирхуулъя л даа. XVII зуунд Францын 17 дугаар Loui гэж айхавтар дарангуйлагч хаан байсан юм билээ. Түүнд Колберь гэдэг улс төрийн зөвлөх байж. Хаан түүнийг фабрикийнхантай уулзаад, төрөөс ямар тусламж хэрэгтэй байгааг нь мэдээд ир гээд явуулжээ. Фабрикийн эзэн Лежандр “Та нар биднийг зүгээр зөнд нь орхичих. Бид ажлаа хийе. Дэлхий өөрөө эргэдэг юм” гэж хэлсэн байдаг. Ингэснээр Францын эдийн засаг дэлхийн баян орнуудын нэг болсон жишээтэй.

Гэхдээ энэ социализм хүн төрөлхтөнд эргэж ирж байна. Хойд хөрш, баруун европ, АНУ ч гэсэн энэ зам руу явж эхэллээ. Тэдгээр улс орнуудад болж байгаа үйл явдлыг маш гярхай харж, цөөхөн хүн амтай үндэстний хувьд жигтэйхэн өөрийгөө аваад явчих боломж байгаа. Сэтгэлгээ, оюуны бядтай байж, тодорхой хэмжээний боловсролоо томсгож байж хүн хөгжинө. Улс үндэстний суурь бол хүн. Гэтэл энэ эрх баригчид ковидоос болж Монголын ирээдүй болсон үр хойчийнхоо боловсрол руу халдсан. Хоёр жил хөл хорио гэж хамаг юмаа хааж боохдоо ковидоос хүмүүсээ аврах биш, цар тахлаар далимдуулж мөнгө идэж байна. АН энэ Монгол гэдэг айлын бат бөх багана нь байя гэвэл чөлөөт зах зээлийн стратегийг баримтал. Тийм хүмүүс байгаа. Намыг аврах тухай биш. Хүн болгон өөрөө өөрийнхөө үзэл санаанд үнэ цэнэтэй хандах хандлага л хамгийн чухал. Хүний өөрийгөө үнэлэх үнэ цэнэ алга болбол бүх юм устана. АН-д өндийх боломж ганцхан үлдсэн. Чөлөөт эдийн засгийн зах зээлд дээр хэлсэнчлэн хоёр гуравхан эрх бий. Чөлөөт зах зээл. Төр хувийн өмч, иргэдийн эрх чөлөө рүү халдахгүй байх. Төрийн оролцоог бүр байхгүй болгож байж явна. Өнөөдөр бүтэшгүй дээ гэж бодогдох боловч хүссэн хүсээгүй энэ тогтолцоо руу явна. Коммунизм, социализм байх биз. Яахав хугацаа орно л доо.

1990 оныхоо эрх чөлөөний үнэ цэнийг алдахгүйн тулд, 1996-2000 онд явуулсан бодлогоо чанд бариад тэрийгээ илүү бяджуулаад, хүний эрхийг тод томруунаар тунхаглаж өгөөд л барууны үзэл рүүгээ орох ёстой. Ер нь барууны үзэл гэдэг нэр томьёоноосоо ч татгалзмаар. Эдийн засгийн эрх чөлөө, чөлөөт зах зээл. Энэ үйл явц дунд хүмүүс хоорондын гэрээ контракт явахад тэрийг нь хуулиар хамгаалдаг, ёс зүйгээр явдаг эрх байдаг.

-АН-ыг барууны үзэлтэй нам биш. МАН-ын өөрсдийнх нь үүсгэн байгуулсан нам гэж ярих хүмүүс байдаг. Социалист систем задран унах үед коммунист намууд татан буугдаж байсан. Харин тэр үед одоогийн МАН-ыг татан буугдаагүй үлдсэн шалтгаан нь АН-ыг байгуулж, олон намын тогтолцоотой юм шиг харагдуулахын тулд үүсгэсэн гэх юм билээ?

-Наадах чинь худлаа. Түүхийг гажуудуулъя гэсэн хүмүүсийн тиймэрхүү яриа байдаг. Харин МАН тэр үед юу ч үгүй тараах байсан юм. Тараагаагүй нь алдаа болсон. АН бол жинхэнэ бие даасан нам болж байгуулагдсан юм шүү.

Үүгээрээ Монгол Улсад олон намын системийг бий болгосон. Хэзээ байтлаа Улаанбаатарт гэртээ харих гэж машинтайгаа оочерлодог байсан юм. Дэлхийн зиндаанд ойр шилэн цамхагууд хэзээ манай нийслэлд байлаа даа. Би 90 оноос хойших 30 жилийг бүхлээр нь харлуулдаг хүмүүсийг төвөг цаашаа гэж хэлнэ. Ардчиллын хишгийг муу хэлж байгаа хүмүүс магадгүй илүү ихийг ч хүртэж байгаа. Сүүлийн 30 жилд Монгол Улс үсрэнгүй хөгжсөн. Улаанбаатарыг хар. Аймгуудаа хар. Орон нутагт тавигдсан зам харгуйгаа хар. Бүү чамла. Шүүмжлэлтэй асуудлууд бий. Тэр нь улс төрийнхөн л байгаа. Ер нь энэ дампуурал, хямрал хар бохир үйл явцыг улстөрчид л хийж байна. Эдийн засаг нь улстөрчдийн хоорондын хуйвалдаан, толхилцооноос болж хямарч байна. Улс төр оролцохгүй, төр зөнд нь орхичих юм бол тэр муу хэлээд байгаа 30 гэр бүл чинь энэ улсыг аваад явчихна. Тэрнийгээ дагаад хүмүүс нь хөгжинө. Манай Цогтсайхан социализм дөнгөж дуусах тэр агшинд “Зарц бол мэргэжил” гэж бичсэн байдаг юм. Хэн баялаг бүтээж байна, тэнд орж ажиллаж байгаа хүн үр хүүхдээ тэжээхийн тулд өөрийнхөө амьжиргааг сайжруулахын тулд л хөдөлмөрлөж байгаа шүү дээ. Хэн нэгэн компанийн захирал, хэн нэгэн байгууллагын төлөө ажиллаагүй. Иймээс тэр байгууллагад үнэ цэнэтэй хүн гэдгээ харуулахын тулд хүн болгон ур чадвараа дайчлан ажиллах ёстой. Тун удахгүй цалингаа нэмүүлж, орон сууцтай болохын тулд шунаж ажиллах хэрэгтэй. Мөнгийг өөрөө олж, босгож байна гэдэг бол өөрийгөө үнэлэх том үнэлэмж.

-Сөрөг хүчин үнэхээр муу байна. Төв нам нь дотроо хагаралтай, УИХ дахь намын бүлэг нь бас жонхуу шиг. Баабарын хэлснээр АН ёроолдоо хүртэл уначихав уу даа?

-Сөрөг хүчин бол сөнөсөн. Нэг намын дарангуйлалтай адил болчихсон. АН-аас УИХ-д оччихоод АН-ынхаа бодлогыг хэрэгжүүлэх ёстой болохоос биш эргэж тангарч болохгүй. Тэрний эсрэг улаан коммунист үзэлтэй хүнийг намдаа татлаа. Намын бүлэг доторх нөхөр бид үзэл бодол нэгтэй байсан гэж ярьж байна. Энэ юу гэсэн үг вэ. Энэ удаагийн УИХ доторх сөрөг хүчин сөнөсөн.

АН-ын энэ байдал илааршихгүй, удна. Эвлэрлийн Их хурал зарлаж байна. Би амьдралдаа ээлжит их хурал, ээлжит бус их хурал гэж сонсож байсан. Гэтэл эвлэрлийн их хурал, эвдрэлийн их хурал, хагарлын их хурал гэж сонсож байгаагүй. Одоо их хурлаараа шулуухан үзэл санаагаараа ялгарах хэрэгтэй. Социалист үзэл санаатай хүмүүсийг хүндэтгээд “Та нар тийм үзэл бодолтой нам руугаа л явчих. Бид бол чөлөөт зах зээл, эдийн засгийн эрх чөлөөг дээдэлдэг стратегитэй нам байна. Тэгээд өрсөлдье. Сонгогчид хэнийг нь сонгохоо өөрсдөө мэдэг” гээд нэг талдаа гарах хэрэгтэй. Ингэж хоёрын хооронд, гурвын дунд нам ч биш, юу ч биш яваад хэрэггүй. Хүн эрх чөлөөтэй байх, өмчтэй байхыг хүсч байна уу, айдастай байхдаа дуртай байх нь уу. Эсвэл хэн нэгний хараат байх ёстой юу. Ингээд үзэл бодлоороо ялгараад жамаараа явах хэрэгтэй. Сайдаж муудаад байх ч хэрэггүй.

-АН-ын энэ нунж дорой, хэрүүл тэмцэлтэй байдал өнгөрсөн сонгуулиудад ялагдах гол шалтгаан байлаа. Гэтэл нөхөн сонгуулийн өмнө эвлэрлээ гэж зарласан ч нэмэр болсонгүй.

-Юун эвлэрэх. Энэ бол шоу байсан. Зүгээр явуулга. Монгол Улсын маань тав дахь Ерөнхийлөгч байсан нөхөр зүгээр л өөрийнхөө гар хөлийн хэдэн товарищуудыг эвлэрч байгаа дүр эсгээд ялагдуулчих гэсэн увайгүй үйлдэл байсан.

-Х.Баттулга, Н.Алтанхуяг нар нам байгуулах гээд намаа бужигнуулаад яваа л гэх юм?

-Тэгээд яваг л дээ. Иргэний зориг ногоон нам, Үндэсний фронтын нам, Шинэ нам, Нэгдсэн намуудаа нийлүүлээд яв. Эсвэл Ардын намдаа дагаар орог.

-Уг нь та Х.Баттулгыг Ерөнхийлөгч болоход хамгийн их дэмжиж ажилласан хүн шүү дээ. Гэтэл таны мэдэгдэл зэргээс харахад нэлээд таарамжгүй харилцаатай байгаа бололтой?

-Би 2016 оны арванхоёрдугаар сарын 6-нд АН баяртай гээд гарсныг та бүхэн мэдэж байгаа. Энд ярьсан чөлөөт зах зээлийн зарчмыг хэлээд “АН дампуурлаа зарлаад тарчихъя. Манай нам улаан социалист болжээ” гэж хэлээд гарсан. Хэдий намаас гарсан ч уруул дордойвч элэг дордойхгүй гэгчээр Х.Баттулгыг Ерөнхийлөгч болоход нь асар том түлхэц, нөмөр болсон хүн бол би. Тэрүүгээрээ бахархана. Өнгөрсөн УИХ-ын сонгуульд намаас нэр дэвшигчдээ болон сая Ерөнхийлөгчид өрсөлдсөн С.Эрдэнийг хүртэл дэмжээд явсан. Энд би өөрийн үзэл санаагаараа намын нөхдөө дэмжсэн хэрэг. Харин үзэл санааны эсрэг нөхдүүдийг хэзээ ч дэмжихгүй, тэрийгээ ч шударгаар хэлчихдэг.

-“No naadam”, “No dou­ble standart” хөдөлгөөний залуусыг дэмжиж байгаа таныг С.Эрдэнийн захиалгаар хөдөллөө гэсэн шүүмжлэл байна лээ?

-Энэ хөдөлгөөний залуусыг дэмжиж байгаа явдал бол миний өөрийн оюун бодлын дуудлага. Тэдгээр залуус миний хүүхэд шиг. Би санхүүжүүлж чадахгүй, надад мөнгө байхгүй. Би биеэрээ, бодол санаагараа хамгаалах юмсан. Ядаж, түшиг болоод байх юмсан гэж дэмжиж байгаа юм. Би хэний ч хараат бус. Эхнэрийнхээ ч хараат бус. Эхнэрээ ч өөрийнхөө хараат бус байлгадаг. Ийм эрх чөлөөний эрмэлзэлтэй нөхөр шүү дээ. Тэгэхээр намайг хардаж, харлуулаад явахгүй. Нөгөө талаар онигоо болно. Х.Нямбаатар сайд хэлнэ ээ. “No naadam”, “No double stan­dart” хөдөлгөөний ард хэн хэн байна вэ” гэж. Энэ хүүхдүүд энэ нөхрийг өөрийг нь хүн гүтгэсэн гээд шүүхэд өгөх хэрэгтэй. Энэ хөдөлгөөний залуус Засгийн газрыг огцор гээгүй. Хүний эрхийг боомилсон Ковидын хууль, Онцгой байдлын хууль, Зөрчлийн хуулиа цуцал гэж үзэл бодлоо илэрхийлж байгаа. Харин бизнесээ тэлье гэж байна шүү дээ.

Д.Сосорбарам | News.MN

-Та бүхний Тамирын голын мөсийг долоох шахам тэмцэн байж авчирсан ардчилал эрх чөлөөний үнэт зүйл өдөр ирэх тусам бүдгэрсээр байгаа нь харамсалтай.

-Одоо байхгүй. Тэр үнэ цэнэ 1996-2000 оны хооронд дөрөвхөн жилийн турш том өгөөжөө өгсөн. Өмч хувьчилсан, иргэд орон сууц, мал хунартай болсон. Гадагш, дотогш зорчих паспорттой болсон, суурь үнийг чөлөөлсөн, гаалийн татварыг тэглэсэн. Зах зээлд нийцсэн бодлого явуулсан. 2000 оноос хойш энэ үнэ цэнэ баллагдаад, зугуухнаар коммунистжиж байна л даа. Нөгөө ардчилсан намын маань удирдлагууд засагт орохдоо эвсээд, зөвшилцөөд явчихдаг. Ер нь эвсэж, зөвшилцөнө гэдэг бол фашизмын үндэс суурийг тавьж байна гэсэн үг шүү дээ. 2000 оноос хойших бүх үйл явдал өнөөдрийн энэ дарангуйллыг далласан. Улстөрчдийн хоорондын тохиролцоо, үүнээс болж толхилцоо үүссэн. Харамсалтайгаар барахгүй, гашуудалтай болчихлоо.

-Үүнээс гарах ямар гарц байна вэ?

-Дээр хэлсэнчлэн үзэл санаагаараа өрсөлдөж байгаа, чөлөөт сэтгэлгээтэй хүмүүсийн тоо нэмэгдэж, олшроосой. Аль нэг нам, хүний хараат бус. Яг өөрийнхөөрөө явж байгаа залуус энэ нийгмээс гарч ирж байгаа явдалд талархаж байгаа.

-Манай монголчууд тэмцэж чаддаггүй ард түмэн юм биш үү. Өөрсдийнхөө эрх ашгийн төлөө огт дуугарахгүй юм. Шатахуун тасалдаад үнэ нэмэгдэхэд яав, нөгөө л хэдэн залуус талбай дээр очоод зогсдог байх жишээтэй. Нөгөөтэйгүүр үзэл бодлоо тайван замаар илэрхийлж байгаа иргэдийг барьж, цагдаад байхаар нийгэм бас айдаст автаад байна уу?

-Хүн бүр өөрийнхөө үнэ цэнэ, эрх ашиг, хийж чадаж байгаа зүйлээ хамгаалахын төлөө тэмцэхгүй байгаа юм. Өөрийн бүтээсэн, сэтгэсэн зүйл тархинд гэрэл гэгээ баялаг өгдөг биз дээ. Хүн бүр тэгж чадахгүй байна. Шимигч царайтай болчихсон. Тэрэн дээр нь нэмээд улстөрчид тархийг нь бохирдуулдаг. Эд нарт ийм нийгэмтэй байх нь өөрсдөд нь ашгтай байна шүү дээ. Дээр нь ковидоор айлгана, шонд дүүжилж шоронд хорино шүү гэж сүрдүүлнэ, сүүлдээ хорьж цагдаж байна. Жишээлбэл, 1937 оны хэмэгдүүлэлттэй дүйцэхүйц улс төрийн хэлмэгдүүлэлтийг явууллаа, эд нар. Груван Ерөнхий сайд, Шадар сайд, Сангийн сайд гээд олон хүнийг хорилоо. Эргээд бодоход тэдний хийсэн үйл хэргийн ачаар өнөөдөр эдийн засгаа авч явж, халамжаа тарааж байгаагаа санах хэрэгтэй. “Эрдэнэт” үйлдвэрийн ашгаар гэрэл цахилгааны, дулааны төлбөрийг тэглэж байна. Тэгвэл “Эрдэнэт”-ийн 49 хувь Орост байсан бол тэгж чадах уу. 100 хувь Монголдоо ирчихлээ. Үр дүн нь гарч байна. Цар тахлын үед ард иргэдийн амьжиргааны түвшинг аваад явах, амь тариа болж байна шүү дээ.

-Засгийн газраас Оюу толгойн хэлэлцээрийг явуулж байна. Энэ үйл явдлыг та хэрхэн ажиж байна вэ?

-Оюу толгойд их болгоомжтой, ухаалаг хандахгүй бол хөрөнгө оруулагчдаа алдана. Одоо явж байгаа гэрээгээ сайжруулаад дипломат маягтай харьцах ёстой. Гэтэл хөрөнгө оруулагчаа элдвээр гоочлох юм бол хаяад л гарна шүү дээ. Дэлхий дахинд баялгаар бизнес хийж байгаа хүмүүст ямар Монгол орон мундсан биш дээ. Үүний үр дүнд хэн хожих уу, хоёр хөрш ороод ирнэ. Оюу толгойд ажиллаж байгаа 15 мянган залуус ажилгүй болно. Тэдний ар гэр, амьжиргаа нь юу болох уу. Асуудлыг том хүрээнд харж, гэрээндээ аль болохоор чамбай хандвал сайн. Тэгж чадвал дараа дараагийн хөгжилтэй орнуудын хөрөнгө оруулагчид орж ирнэ. Гэтэл одоо манайх руу шагайж байгаа хөрөнгө оруулагчдыг бүгдийг хөөж байгаа нь үнэхээр тоогүй. Японы хөрөнгө оруулагчийг улстөрчдийн зарим нь айлгаж сүрдүүлээд явуулчихлаа шүү дээ. Түүний өрөөнөөс хар тамхи илэрлээ гээд дарамтлаад хөөчихсөн. Тэр хүн бусад хөрөнгө оруулагчдад ярьсан байна лээ, “Монгол руу битгий зүглээрэй. Тэгж л үйлээ битгий үзээрэй” гэж. Ингэж болохгүй л дээ. Ийм байхад хэн Монголд хөрөнгө оруулна гэж орж ирэх юм бэ. Харин хоёр хөрштэйгөө эдийн засгаараа нээлттэй харилцах хэрэгтэй. Энэ бол маш дипломат хүрээнд байх ёстой.

-Та өмнөх дугаарын ярилцлагад хойд хөршийн КГБ-ийн нөлөө одоо ч манайд оршин тогтнож байгаа гэж хэлснээ тодруулахгүй юу?

-Ер нь Орос араншин тавигдахгүй байна. Зөвхөн Монголд биш, Польш, Чех гээд гадны по-социалист орнууд руу савраа дүрж, КГБ-гийнхээ улсуудыг чихсэн хэвээр байгаа. Тэр бол манайд адилхан нөлөөлж байна. Тэгэхээр бие даасан хараат бус бодлогоо алдвал дуусаа. Дотооддоо хууль шүүхийнхнийгээ улс төрөөс хараат бус болгож, иргэдийн эрх чөлөөг эдийн засгийн эрх чөлөөтэйгөө холбох нь хамгийн чухал.

Д.Сосорбарам: Э.Бат-Үүлдээ хань болох гэж ирлээ

-Та шүүх эрх мэдлийн томилгоог улс төрөөс хараат бус байлгах хэрэгтэй гэж байна. Гэтэл манай Ерөнхийлөгч шүүх эрх мэдлээсээ татгалзаж, үүнийгээ УИХ-д шилжүүлж байх шиг. Уг нь Төрийн тэргүүн нам бус гэдэг утгаараа ийм эрх эдэлж ирсэн шүү дээ. Харин парламент бол олон намын тогтолцоотой болохоор шүүхийн томилгоонд жинхэнэ улс төр орох аюултай, гадныхны нөлөөнд автана гэж хуульчид, судлаачид үзэж байсан?

-Шүүхийн хараат бус байдлыг хамгаалж байгаа царайтай юм байна. Бүр эсрэгээрээ шүүх хууль цагдаа, прокуроруудаа улам хараат болгочихож байна уу даа. Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдийн хараат болгочихов уу гэж харсан. Илүү олон хүний хараат болчихлоо. Харин Ерөнхийлөгч тэр эрх мэдлээрээ өөрөө оролцохгүйгээр хараат бус шүүхтэй байх тогтолцоогоо хадгалаад үлдсэн бол зүгээр байсан. Эрх чөлөөт орнуудад тагнуулын газар, хуулийн байгууллагынхны толгойд гарсан хүмүүс улс орны ерөнхийлөгч, парламентын гишүүдийнхээ нүд рүү нь харж байгаад “Би хараат бус ажиллана, тэгэхгүй бол энэ ажлыг хийхгүй” гэсэн эр зоригтой байдаг юм билээ. Ийм оюуны цартай хүмүүс байдаг юм байна. Гэтэл манай оюун санаа үнэхээр ядуурч байна.

-Ийм ядуу оюун санаатай төрийг удирдагчдад хэдий хугацаа үлдээ бол?

-МАН-ынханд дахин, дахин хэлэхэд 2024 оны сонгууль хүртэл явна. Засгийн газар нь огцрох гэхээсээ илүү өөрчлөгдөх ёстой. Ерөнхий сайдын зангараг гэж байна шүү дээ. Өмнө ямар, ямар зангарагтай Ерөнхий сайдтай байв, манай улс. С.Баяр, Ц.Элбэгдорж хоёр удаа Ерөнхий сайд болсон. Ер нь би боддог юм. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад хүмүүс айж, эмээж байгаагүй. Сэтгүүлчийг шүүхэд өгсөн тохиолдол байхгүй. Хүн болсон хойно алдаа, оноо байлгүй яахав. Ололтоо дөвийлгөж, алдаагаа хянаж, анхаарч явбал тун хэрэгтэй. Манай улстөрчид тэгэхгүй байна.

-Жагсагчдын аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалж, тав тухтай орчин нөхцөлөөр хангах хуулийн зохицуулалт байдаг. Олон улсын гэрээ, конвенцэд ч энэ талаар тодорхой заасан байдаг. Гэтэл эрх баригчид жагсагчдын эрхэд халдаж байгаа нь нүдэнд ил байна. Өөрсдөө жагсахдаа хэдэн арван гэр талбай дээр барьдаг байсан шүү дээ. Гэтэл өвлийн хүйтэнд талбай дээр тэмцэж байгаа иргэдээ майхан барихыг нь хүртэл хориглож байгааг та юу гэмээр байна?

-Энэ бол хүнийг харгислаж байгаа харгислагчид. Яргын сэдэлтэй эрх баригчидтай, зандалчилж байдаг заналчин цагдаагийн дарга нартай болчихож. Тэд өөрсдөө үр хүүхэдгүй улсууд уу. УИХ-д сууж байгаа эмэгтэй гишүүд яагаад энэ асуудалд анхаарахгүй байна вэ. Өөрийнх нь үр хүүхэд, хамаатан садан ийм харгислал дор тэмцэж байвал ингээд гараа хумхиад суугаад байх уу. Өөрсдөөсөө ичих хэрэгтэй.

Тэгсэн атлаа аливаа баяр цэнгүүн, уул овооны тахилгад манай төрийн түшээд уухайлан оролцоцгоож байна. Өнөөдөр бид хэддүгээр зуунд амьдарч байгаа билээ дээ. Энэ зун Цамбагарав хайрхан, Отгонтэнгэр хайрханыг тахилаа. Баахан ковид тараалаа. Тахилгын үйл явц дунд муудсан идээ будаа их. Дээрээс нь жорлон байхгүй болохоор тэнд очсон олон мянган хүн дуртай газраа бие засна. Уулыг ингэж тахидаг юм уу. Отгонтэнгэрийн хормой дахь Бадархундага нуур руу алт, мөнгөн аяга, хадганд ороосон бумба хийж байх жишээтэй. Энэ чинь дээд зэргийн тэнэглэл. Тэр нь Бадархундага нуурыг бохирдуулаад зогсохгүй яваандаа ширгээх аюултай шүү дээ.

-Уулаа мөнгө болгох боломжийн талаар яриандаа цухас дурдаж байсан. Танд ямар санаа байна вэ?

Хаана байна, байгальдаа хайртай гээд байгаа нь. Тэгэхэд япончууд Фүжи уулаа өдөр бүр тахидаг юм байна гэж харсан. Тэр нь юу вэ гэвэл нэг, хоёр, гурав гэсэн үечлэлтэй. Тэнд нь бизнес явдаг. Дээд зэргийн ариун цэврийн өрөө, элдэв бэлэг дурсгалын дэлгүүрүүд, үнэтэй хувцсны брэндүүдтэй. иргэд зургаа авахуулна. Уулаа бизнес болгосноос гадна хамгаалчихаж байгаа юм. Хэн ч хог хаядаггүй. Би Австри, Швейцарийн өндөр уулуудад гарч байсан. Дэлхийн баячууд цугладаг Швейцарийн Санкт-Мориц хотод сар болж байлаа. Тэр уул бүхэлдээ эдийн засгийн эргэлтэд орсон байгаа юм. Цанаар экстрим гулгалт хийн, хөлдсөн нууран дээр морин поло явуулна. Олон төрлийн спортын арга хэмжээ өдөр бүр болдог. Дүүжин галт тэрэгтэй. Тэнд байгаа үйлчилгээ нь бүгд мөнгө. Уул, орчноо цэвэр байлгаад хамгаалчихаж байна. Уулын тахилга гэж үүнийг хэлнэ. Найман мянган метрийн өндөрт гарах хүсэлтэй хүмүүс байна шүү дээ. Дүүжин гал тэргээр зорчоод орой дээр нь гарчихна. Цасан дунд дэлхийн дээд зэргийн ресторан тэнд барьсан байна. Уулаа ингэж амилуулах ёстой. Швейцарьт байдаг миний найз надад хэлж байсан юм. “Танайх Таван богдоо амилуулаач ээ. Таван богдыг дэлхий шавдаг газар болгож болно” гэж билээ. Үнэхээр Таван богдод өвлийн олимп, спорт наадам зохиодог газар болгох боломжтой. Тэрийг дагаад дэд бүтэц хөгжиж, орой дээр нь онгоц, нисдэг тэрэг гардаг бизнесийн төв болно. Уул судлах шинжлэх ухааны төв ч байгуулж болно шүү дээ. Гэтэл одоо жорлон байхгүй, хамаг ялгадсаа цацчихаад, хад харагдвал өөрсдийнхөө нэрийг биччихээд явж байгааг нь дээд зэргийн тэнэглэл гэхгүй бол өөр юу гэх билээ.

-Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод тарих ажлыг та нэлээд шүүмжилж байгаа харагдсан?

-Мод тарьж болно. Гэхдээ айл болгон орчноо сайхан тохижуулж цэцэрлэгжүүлж, амьдрах орчноо тухтай сайхан болгох гэж хичээж байгаа. Тэрийгээ хуваарилчих хэрэгтэй. Тийм сайхан ажил өрнүүлж буй иргэдийн татварыг бууруулна гэж болно. Тэгэхгүйгээр ой модонд ургаж байгаа модыг огтолж авчраад өөр газар суулгахыг мод тарих гэхгүй ээ. Ургуулах биш, сөнөөж байна. Хоёр өөр хөрс шүү дээ. Сүүлийн үед дэлхийн дулаарал гээд яриад л байна. Би энэ тухай дэлхийн том эрдэмтний номыг уншсан. Ейн Флаймер гээд Австралийн геологи судлалын том эрдэмтний бичсэн “Сургуулиасаа хэрхэн хөөгдөх вэ” гэдэг номонд дэлхий угаасаа өөрийн жам ёсны цикльтэй юм гэжээ. Тэгэхээр жамаараа явж байгааг битгий оролдоод бай. Жамыг хэн ч сөрж дийлэхгүй шүү дээ. Ер нь жам гэдэг бол хатуу бөгөөд үнэн. Мөнхийн амьд юм шиг авирлах хэрэггүй. Ертөнцийн жам бол хэн байхаас үл хамааран үүрэх ёстой ачаа, эдлэх ёстой үйл лайг нь эдлүүлнэ. Энэ хорвоо дэлхийд хүн нүцгэн ирээд нүцгэн буцна.

-Оюун санааг тээгчид та бүхний үзэл бодол нийгэмд асар их үгүйлэгдэж байгаа энэ цаг үед илэн далангүй яриа өрнүүлсэн танд талархлаа. “Уран бүтээлч хүний хувьд ковидын үед ямар ажлуудыг амжлуулж байна даа” гэсэн асуултаар яриагаа өндөрлөе.

-Коронагийн үед уран бүтээл хориотой байна. Жилийн өмнө сар бүрийн сүүлийн гурав хоногт нэг жүжигчний уран бүтээлийн цэнгүүнийг толилуулж байя гээд эхлүүлээд хоёр гурван сар болсон байсан юм. Тэгээд өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын тасалбар ч дуусчихсан байв. Хөл хорио тогтоогоод бүх юм хаагдсан ч үзэгчид маань хүлээгээд байж байгаа. Одоо энэ сардаа ковид гайгүй бол уран бүтээлийн цэнгүүнээ хийнэ. Манай Б.Цэнддоогийн хоёр шүлэгт ая эгшиглэн хийсэн.Одоо хөгжмийн найруулга хийж байгаа. Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтсоны 50 жилийн ойн баримтат нэвтрүүлэг, кино хийж байна. Ер нь уран бүтээл зогсохгүй байгаа. Монголын 1921 оноос эдүгээ хүртэлх түүхийн бодитой баримт пактыг эмхтгэсэн түүхч Б.Баатар, Лонжид, О.Батсайхан нарын “Мартаж үл болох, давтах учиргүй түүх” номыг тус бүр 30 минутаар хураангуйлж бичсэн ведио бүтээл дээр ажиллаж байгаа. Бас сонсдог ном болгох гэж байна. Хааяа Баабар.мн дээр нийтлэл бичнэ ээ. Уран зохиолын болон судалгааны номуудыг ч харж байна. Америкийн алдартай зохиолч Айн Рэндийн бүтээлүүдийг анзаарч судалж байна. Тэр хүний гурван жүжгийг найруулж тавьсан. Цаг тавигдахаар жүжгүүдээ найруулж тавина. Ийм л ажлууд дээр ажиллаж байна. 1990 оноос хойших ардчиллын ороо бусгаа түүхийг онтой, сартай нь үлдээхгүй бол түүхийг бүтээсэн эзэд нь байхад гуйвуулж байна шүү дээ. Тиймээс тэрхүү түүхэн он цагийн бодит үнэнийг хэлхэж сууна даа.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.