ДЭЭД БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРТ 2022-2024 ОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ХӨТӨЛБӨР БАЙГУУЛАВ
2021-12-17 17:00

Дээд боловсрол, шинжлэх ухааны салбарт 2022-2024 онд хамтран ажиллах хөтөлбөр байгуулавГадаад харилцааны сайд Б.Батцэцэг дээд боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай хөтөлбөрт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Оросын Холбооны Улсад хэрэгжүүлж буй албан ёсны айлчлалын хүрээнд Монгол Улс, ОХУ-ын хооронд боловсрол, шинжлэх ухааны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, оюутан солилцоог нэмэгдүүлэх, шинжлэх ухааны байгууллага хоорондын шууд харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн баримт бичиг болох “Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Оросын Холбооны Улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам хооронд дээд боловсрол, шинжлэх ухааны салбарт 2022-2024 онд хамтран ажиллах хөтөлбөр” байгууллаа.

Баримт бичигт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Оросын Холбооны Улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Н.Фальков нар гарын үсэг зурав.

Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Оросын Холбооны Улсын Холбооны Оюуны өмчийн албаны дарга Григорий Петрович Ивлиев нар “Монгол Улсын оюуны өмчийн газар, Оросын Холбооны Улсын Холбооны оюуны өмчийн алба хоорондын Хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурав.

Энэхүү баримт бичиг нь талуудын улсын оюуны өмчийн тогтолцоо, оюуны өмчийн хууль тогтоомжийн талаарх мэдээлэл солилцох, цахим мэдүүлэг, блокчэйн технологи, хиймэл оюун ухаан зэрэг талуудын цахимжуулах зорилтын хүрээнд шилдэг туршлага солилцох асуудлыг зохицуулна гэж ГХЯ-наас мэдээлэв.


АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.