ОЛИМПЫН АВАРГА Н.ТҮВШИНБАЯРЫГ ЭНЭ САРЫН 23-НД ШҮҮНЭ
2021-12-20 08:55

Найдангийн Түвшинбаяр | News.MN

Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр энэ оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н.Түвшинбаярт холбогдох хэргийг хянаад, 2021 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлээд буй.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 23-ны өдрийн 14:00 цагт Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан болно.

Эрүүгийн хуулийн 11.1 Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах

2.Энэ гэмт хэргийг:

2.1.энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.