Н.ТҮВШИНБАЯРЫГ ХОХИРОГЧИЙН АР ГЭРИЙНХНИЙ ХҮСЭЛТЭЭР ЦАГДАН ХОРИЛОО
2021-12-22 10:27

Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаярыг цагдан хорих захирамжийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр орой гаргалаа. Хохирогч улсын начин Э.Энхбатын ар гэрийнхэн шүүх, прокурорын байгууллагад хүсэлт гаргасан юм байна. Хохирогчийн ар гэрийнхний хүсэлтээс гадна Хан-Уул дүүргийн Прокурорын газраас ч Н.Түвшинбаярын хэргийг шүүхээр шийдвэрлэтэл цагдан хориулах санал хүргүүлсэн аж. Эдгээр санал, хүсэлтийг шүүгч харгалзан үзээд түүнийг цагдан хорихоор шийдвэрлэсэн гэнэ.

Түүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг тус шүүх маргааш хийхээр товлоод байгаа бөгөөд эл хурлаар яллагдагч Н.Түвшинбаярыг шүүхэд шилжүүлэн гэм буруутай, эсэхийг нь дэнслэх боломжтой, үгүйг шийдвэрлэх юм. Уг хурлыг хохирогч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийн дагуу хийхээр болоод буй.

Н.Түвшинбаярт Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.1-2 дахь хэсэгт заасан хүний биед санаатай хохирол учруулах гэмт хэргийг бие махбодын зовуур үүсгэж, зэвсгийн чанартай зүйл ашиглан үйлдсэн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм.

Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт зодуулан хүнд гэмтсэн Э.Энхбатыг өдгөө “Сонгдо” эмнэлэгт хэвтүүлэн эмчилгээ эхлүүлээд байгаа бөгөөд эхнэр нь олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа “Донор болдoг бол тал тархиа ч болов өгөх юм сан. Өнгөрсөн найман сарыг яаж тэвчиж, нулимсаа залгиж өнөөдрийг хүрлээ. Зөв хүн байгаад хохирдог хорвоо юм. Миний хань тэмцсээр. Бид итгэлээ алдахгүй эцсээ хүртэл зүтгэх болно” хэмээн өчигдөр бичсэн байв.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.